Монгол, Орос хоёр улсын харилцааны нэгэн шинэ зууны түүх эхэлж байна. 

Ирж буй цаг хугацаанд хоёр тал хамтарсан томоохон төслүүдээ хөдөлгөх, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийг эрмэлзэхээ Монгол, Орос улсын төрийн тэргүүн нар илэрхийлцгээсэн билээ.

Энэхүү үзэл баримтлалаа баталгаажуулан Монгол Улс болон Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хамтарсан тунхаглал гаргасан нь хоёр улсын харилцаанд шинэ хуудас нээсэн явдал болов.

Тунхаглалаас онцлох нэг заалт нь “Талууд эдийн засгийн хамтын ажиллагааны цар хүрээг тууштай нэмэгдүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих, эдгээр харилцааг чанарын шинэ шатанд гаргахад чиглэсэн санаачилгуудыг дэмжих шаардлагатайг хүлээн зөвшөөрөв” гэжээ.

Олон жилийн туршид худалдааны алдагдалтай явж ирсэн манай улсад дээрх заалт нь манай улсын эдийн засагт эерэг үр дүн авчирна гэх хүлээлтийг үүсгээд байна.

Энэ дагуу Засгийн газрын гишүүд ОХУ-ын холбогдох сайд нартай уулзаж, зарим баримт бичгийг байгуулсан юм. Айлчлалын хүрээнд нийт найман баримт бичиг байгуулагдсаны хоёр нь Засгийн газар хоорондынх бол үлдсэн нь байгууллага хоорондынх байгааг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэллээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн айлчлалын үеэр байгалийн хийн хоолой, цөмийн эрчим хүчний судалгааны төв байгуулах, газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт зэрэг олон чухал асуудал яригдаж, тодорхой шийдвэр гарснаар ихээхэн үр дүнтэй айлчлал боллоо хэмээн албаныхан болоод судлаачид үзэж байгаа юм. 

1. Байгалийн хийн хоолойн бүтээн байгуулалтын ажил хоёр жилийн дараа эхэлнэ

ОХУ-аас БНХАУ руу байгалийн хийн хоолойг нийлүүлэхдээ манай улсын газар нутгаар дамжуулахаар болсон. Энэ талаар хэлэлцээрийн 2019 онд хийж байсан бол энэ оны төгсгөлд Техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж дууссаныг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин мэдэгдсэн юм. 

Ийнхүү ТЭЗҮ бэлэн болсноор үндсэн ажлын 50 хувь нь биелэгдлээ гэж үзэж буйгаа Шадар сайд С.Амарсайхан илэрхийллээ. Үргэлжлүүлэн тэрбээр “Цаашид нарийвчилсан ажлын зургууд хийгдэх бөгөөд ойролцоогоор хоёр жилийн хугацаа шаардлагатай. Тэгэхээр 2024 оноос хийн хоолойн ажлын барилга бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж эхэлнэ. Төсөл хэрэгжсэнээр 1,500-1,700 хүний ажлын байр бий болно” хэмээв.

Хийн хоолойг төмөр замын маршрут дагуу барихаар талууд өмнө нь тохиролцсон бөгөөд Сэлэнгийн Сүхбаатар, Хиагтын хилээс БНХАУ-ын Эрээн хот, Замын-Үүд боомт хүртэлх 960.5 км хийн хоолой татагдах тооцоололтой байгаа билээ.

2. Д.Баярхүү: Цөмийн эрчим хүчний салбар руу орохоор болсон нь цоо шинэ үзэгдэл

Цөмийн эрчим хүчний салбарт хоёр улс хамтран ажиллахаар судалгааны төвийг манай улсад байгуулахаар судлах болсон нь айлчлалын онцлох өөр нэгэн зүйл байв. 

Гэрэл зургийг Mpa.mn

Олон улсын харилцаа судлаач, чөлөөт нийтлэлч Д.Баярхүү энэ талаар “Атомын эрчим хүчний салбар руу орохоор болсон нь цоо шинэ үзэгдэл. Монгол бол ураны арвин нөөцтэй. Нөөцөөрөө дэлхийн топ 15 улсын тоонд орж байгаа. Франц улстай хамтраад шар нунтаг олборлон, экспортолж байна. Харин одоо “Росатом”-ын оролцоотойгоор Монголд атомын судалгааны төв байгуулах асуудал хоёр улсын төрийн тэргүүний түвшинд яригдаж эхэллээ. Энэ бол Монгол, Оросын харилцаанд өмнө нь огт яригдаж байгаагүй асуудлыг хоёр Ерөнхийлөгч гаргаж ирлээ.”Росатом”, “Мон-Атом”-тай хамтран ажиллаад цөмийн реактор байгуулж, эрчим хүч гаргаж эхэлбэл Монголд хийх гэж буй эрчим хүчний бусад төслийг дагуулахааргүй хэмжээний асар их нөөц гарч ирнэ” хэмээв.

3. Онгоцны шатахууныг Орос, Монголын төрийн өмчит компаниуд хамтран нийлүүлэхээр болов

ОХУ-ын “Роснефть” компани болон Монголын төрийн өмчит “Эрчис ойл” компанитай хамтарсан оператор компани байгуулж байгаа аж. Ингэснээр хоёр улсын төрийн өмчит компаниуд хамтран Хөшигийн хөндий дэх олон улсын нисэх онгоцны шинэ буудалд шатахууны нийлүүлэхээр болж буй юм. Энэ нь манай улсын газрын тосны салбарт шинэ хуудас нээж байгаа хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар онцолсон.

Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин хэлсэн үгэндээ тус улсын компаниуд Монголын шатах, тослох материалын дотоодын зах зээлд орж ажиллах сонирхолтой байгааг тодотгосон юм.

4. “Улаанбаатар төмөр зам ХНН-ийн дүрмийн санг 2023 онд хоёр улс тус бүр 30 сая ам.доллароор нэмэгдүүлнэ”

Монгол, Орос хоёр улсын хамтын ажиллагааны нэг чухал салбар нь төмөр зам билээ.

 Гэрэл зургийг mpa.mn

Тус салбарын эдийн засгийн үр ашгийг улам нэмэгдүүлэх, үйл ажиллагааг өргөжүүлэхэд хоёр улс нэгдсэн байр сууринд хүрчээ. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан “Улаанбаатар төмөр зам ХНН-ийн дүрмийн санг хоёр талаасаа хувь тэнцүүлж нэмэгдүүлэхээр ярилцлаа. 2022 оны төсвүүд батлагдсан тул 2023 оны төсөвт тус бүр 30 сая ам.доллароор буюу 83 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр ярилцсан бөгөөд санамж бичгийг удахгүй байгуулна.

Түүнчлэн ОХУ-ын талаас Улаанбаатар төмөр замын ХНН-ийн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд бизнесийн схем дээр нь хоёр тал хамтран судалгаа хийж, бүс нутгийн ач холбогдолтой төмөр замын байгууллага хэрхэн болгох вэ зэрэг талаар өргөн хүрээнд судалгаа хийх ажил хэрэгч санал тавьсан. Энэ нь хөгжлийн шинэ шатанд гаргах боломж нээгдэж байна гэсэн үг” хэмээх мэдээллийг өглөө.

5. Үндэсний хэмжээнд гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх судалгаа, шинжилгээний ажлыг хамтарч хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын багт Засгийн газрын гишүүд багтаж, ОХУ-ын салбарын сайдуудтай холбогдох чиглэлд хамтран ажиллахаар яриа хэлэлцээг хийсэн юм. 

Тухайлбал, ОХУ-ын Онцгой байдлын яамтай хамтран гамшгийн үеийн бэлэн байдлыг хангах, хүний нөөцөө бэлтгэх тал дээр хамтрахаар болжээ.

Гэрэл зургийг mpa.mn

Шадар сайд С.Амарсайхан “Гамшгийн үеийн бэлэн байдлын хангах, эрэн хайх, авран хамгаалах, сэргээн босгох үйл ажиллагааны үндэсний чадавхыг дээшлүүлэхэд хамтран ажиллахаар ярилаа. Ялангуяа байгалийн гамшигтай тэмцэх, болзошгүй хохирлыг багасгах, хариу арга хэмжээг цаг алдалгүй авах, бэлэн байдлыг хангах нь асар өндөр түвшинд яригдаж байгаа. Иймд ОХУ-ын Онцгой байдлын яамтай хамтын ажиллагааг өргөжүүлэх тал дээр өргөн хүрээнд ярилаа.

Туршлага солилцох, эрэн хайх аврах чиглэлээр үйл ажиллагаа явуулахаас гадна хүний нөөц бэлдэх, дадлага сургуулилалт хийх, техник тоног төхөөрөмжийн нөхцөлийг сайжруулахад хамтран ажиллахаар тохирсон.

Мөн үндэсний хэмжээнд гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх судалгаа, шинжилгээний ажлыг хамтарч хийнэ” гэлээ.

Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн албан ёсны айлчлал нь өндөрлөсөн юм. Айлчлалын үеэр манай улс ямар нэг хөнгөлөлттэй зээл, хандив тусламж авахыг зориогүй бөгөөд ижил түвшинд, харилцан ашигтай хамтын ажиллагааг эрхэмлэхээр хэлэлцсэн нь бас нэгэн онцлууштай тал нь байв.



Ерөнхийлөгчийн айлчлалыг албаныхан болоод судлаачид хэрхэн дүгнэж буйг хүргэе.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Монгол Улсын Ерөнхийлөгч болоод анхны айлчлалаа ОХУ-д хийж байгаа нь тус улсад хүндэтгэлтэй хандаж буй хэлбэр. Манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн түүхт ойг жилийн туршид тэмдэглэлээ. Нийтдээ 92 арга хэмжээг хоёр талдаа хэрэгжүүлсэн. Үүнийг дүгнээд, түүхэн ойн төгсгөлд Ерөнхийлөгчийн айлчлалыг зохион байгуулж буй нь аль аль талдаа маш өндөр ач холбогдолтой байна гэдгийг хоёр тал тэмдэглэж байгаа.

Цар тахлын улмаас төрийн айлчлал хэрэгжихгүй байгаа хэдий ч айлчлалын агуулга нь төрийн айлчлалын хэмжээнд болсон. Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд Засгийн газрын зургаан сайд ажиллаж, салбар салбарынхаа сайд нартай уулзан, хамтын ажиллагаагаа урагшлуулах тухайд үр ашигтай баримт бичгүүдийг гаргасан. 

Салбарууд нийтдээ найман баримт бичигт гарын үсэг зурсан. Тодруулбал, Засгийн газар хоорондын хоёр, байгууллага хоорондын зургаан баримт бичиг бий” хэмээв.

Олон улсын харилцаа судлаач, чөлөөт нийтлэлч Д.Баярхүү “Цар тахалтай холбоотойгоор ОХУ ёслолын журмуудаа нэлээд хөнгөвчилсөн. Ерөнхийлөгч В.В.Путин гадаадад айлчлахаа зогсоосон ба гадаадын зочдыг ч хязгаартай хүлээн авч байгаа. Харин Монгол Улсын Ерөнхийлөгчид онц ач холбогдол өгч, дотно хандлаа гэж үзэж байна. Учир нь Ерөнхийлөгч В.В.Путин өөрөө хүлээн авч, гурван цаг гаруй ганцаарчилсан уулзалт хийж, Монгол, Оросын хамтарсан тунхаглал ч гаргалаа. 

Мөн тус улсын төрийн дээд удирдагчид Ерөнхийлөгчид У.Хүрэлсүхтэй бүгд уулзсан. ОХУ-ын Холбооны хурал Төрийн дум, Холбооны зөвлөлийн хоёр спикер, ОХУ-ын Засгийн газрын дарга өөрөө биечлэн сайдуудтайгаа уулзлаа. Үүнээс гадна Нэгдмэл Орос намын удирдагч бөгөөд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Д.А.Медведев уулзсан. Ингэж их ач холбогдол өгч, хүндэтгэл үзүүлж хандана гэдэг нь энэ айлчлалын ач холбогдлыг харуулж байгаа юм” хэмээн үзэж буйгаа илэрхийллээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар “Монгол, Оросын харилцааны шинэ зууны эхлэлийг тавьсан айлчлал гэж хэлж болно. Улс төрийн хүрээнд олон асуудлын талаар санал солилцон нэгдсэн ойлголтод хүрсэн. Мөн хоёр улсын харилцаанд олон жил яригдсан асуудлуудыг энэ үеэр шийдвэрлэж чадсан гэдэг нь томоохон амжилт байлаа” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *