2021 оны нэгдүгээр сарын нэгнээс хоёрдугаар сарын 21-ний өдрүүдэд уул уурхайн бүтээгдэхүүний экспорт хэвийн, тогтвортой үргэлжилсэн байна. Экспортын гол түүхий эд болох нүүрс, зэсийн баяжмалын экспорт өсжээ.
Нүүрсний экспорт 3.8 сая тонн болж, өмнөх оны мөн үеэс 42.9 хувиар өссөнийг Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яам мэдээллээ. Хэдий тийм боловч Сар шинийн баярын үеэр БНХАУ-ын дотоодын нүүрсний уурхайнууд амралтгүй ажилласнаар нийлүүлэлт өссөн байна. Түүнчлэн Ганцмод боомт дахь агуулахуудын нөөц нэмэгдсэнээр коксжих нүүрсний үнэ буурсан талаар “SXCoal” мэдээлж байсан юм.
Харин энэ хугацаанд 194.4 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 15.2 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Нийлүүлэлт буурч, зах зээлд хомсдол үүсэх эрсдэлтэй болсноор зэсийн үнэ тонн нь 9000 ам.доллар даваад байна.
Түүнчлэн “Цаашид дэлхийн эдийн засаг цар тахлын хямралаас сэргэж, зэсийн эрэлт, хэрэглээ өссөнөөр зэсийн үнэ 10 мянган ам.доллар хүрнэ” гэж “Citigroup” тооцоолоод байгаа юм.