“Эхийн алдар” одонтой ээжүүдийн тэтгэмжийг жилд нэг удаа, Цагаан cap, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан “Насны хишиг”-ийг 65-аас дээш насны ахмадуудад жилд хоёр удаа тус тус олгодог билээ.
Тус тэтгэмжүүдийг энэ сард хэрхэн олгох тухай Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын Нийгмийн халамжийн асуудал хариуцсан дэд дарга Т.Бадрахбаяраас тодрууллаа.
-Ахмадуудын “Насны хишиг” болон “Эхийн алдар одон”-той ээжүүдийн тэтгэмжийн мөнгийг хэзээ олгох вэ?
-Халамжийн системээс олгож буй мөнгийг иргэд өмнө нь банкан дээр очиж авдаг байсан бол одоо бүгдийг нь дансанд холбосон.
Тиймээс иргэд дансныхаа мэдээллийг Ehalamj.mn сайтаар орж баталгаажуулснаар тэтгэмжийн мөнгө шууд данс руу нь орохоор болсон.
Өөрөөр хэлбэл, Хүүхдийн мөнгө шиг “Насны хишиг”, одонтой ээжийн тэтгэмж тухай бүрдээ дансанд нь ордог болж байгаа гэсэн үг.
Улсын хэмжээнд одоогоор “Насны хишиг” авдаг 140 мянга орчим ахмад настан, “Алдарт эхийн одон”-гийн тэтгэмж авдаг 220 мянга гаруй ээж бий.
Бид тэдний дансны мэдээллийг Монголбанкны дансны бүртгэлийн мэдээлэлтэй тулган бэлтгэл ажлаа хангаад дуусаж байна.
Ингээд хоёрдугаар сарын 9-ний өдөр буюу ирэх долоо хоногийн Мягмар гарагт “Насны хишиг” болон “Эхийн алдар одон”-гийн тэтгэмжийн мөнгө дансанд шууд орох байдлаар гүйлгээ хийгдэнэ.
-Шинээр “Эхийн алдар одон” авсан ээжүүд дансаа баталгаажуулах шаардлагагүй гэсэн үг үү?
– Өмнө нь одонгийн мөнгө авдаг байсан ээжүүд баталгаажуулахгүй байж болно.
Харин шинээр авч байгаа ээжүүд заавал Ehalamj.mn орж бүртгүүлэн, хүсэлтээ гаргаж байж баталгаажуулах шаардлагатай. Яаж хүсэлт гаргаж баталгаажуулах нь халамжийн систем дээр нээлттэй байгаа.
(Шинээр “Эхийн алдар одон” авсан ээжүүд доорх зааврын дагуу хүсэлт гаргаж, баталгаажуулаарай)
-Тэгэхээр энэ хоёр төрлийн тэтгэмж авдаг бүх хүний дансанд мөнгө нь энэ сарын 9-ний өдөр нэг дор орно гэсэн үг үү?
-Өмнө нь иргэд регистрийн дугаараараа банкнаас тухайн мөнгөө авдаг байсан. Харин энэ удаа коронавируст халдварын улмаас хүний бөөгнөрөл үүсгэхгүй гэж ийм систем рүү шилжиж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.
Тиймээс “Насны хишиг”, “Эхийн алдар одон”-ийн мөнгийг энэ сард шинэ үйлчилгээгээр олгож буй гэдэг утгаараа гурван удаа буюу хоёрдугаар сарын 9, 17, 25-ны өдрүүдэд тус тус гүйлгээ хийгдэнэ.
Тодруулбал, хоёрдугаар сарын 9-нд бүх гүйлгээ хийгдэх хэдий ч ямар нэгэн байдлаар данс, регистрийн дугаар нь зөрсөн бол гүйлгээ буцаж ирдэг тал бий. Тийм тохиолдолд тухайн хүнтэй нь холбогдож, алдаа гарсан бол дахин баталгаажуулаад хоёрдугаар сарын 17, 25-ны өдрүүдэд залруулж гүйлгээ хийнэ гэсэн үг.
Хоёрдугаар сарын 9-ний өдөр буцсан гүйлгээ гарвал 17-нд залруулах бөгөөд 17-ны өдөр буцсан гүйлгээ гарвал дахиад 25-ны өдрүүдэд залруулаад нөхөн олгох юм.
Тиймээс хэрэв ирэх Мягмар гарагт “Насны хишиг”, “Эхийн алдар одон”-ийн мөнгө нь зарим иргэний дансанд ороогүй бол Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, хэлтсүүдтэй эсвэл ХХҮЕГ-ын 77771220 утсаар холбогдож, мэдээлэл авах боломжтой.
-Хөл хорионы хугацаанд бусад тэтгэвэр, тэтгэмжийн мөнгө ч хугацаандаа орох уу?
-Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газраас цар тахал, хөл хориотой холбоотойгоор Сангийн яамнаас санхүүжилтийг нь эрт хөөцөлдөж аваад хоёрдугаар сарын тэтгэвэр тэтгэмжийг наашлуулж олгохоор болсон.
Тухайлбал, Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг сар бүрийн 15-нд олгодог байсан бол энэ сард 10-нд олгоно. Харин Хүүхдийн мөнгийг сар бүрийн 20-ны өдөр олгодог байсан бол энэ сард 19-ний өдөр олгоно.
Мөн цалинтай ээжийн мөнгийг 17-нд олгох бөгөөд нөхөн олголт буюу тухайн өдөр буцсан гүйлгээг 25-ны өдөр залруулна.
Хорио цээр, хөл хорионы дэглэм таарах тул аль болох иргэдийг банк руу явуулахгүйгээр тэтгэмжийн мөнгийг дансаар эсвэл цахимаар авах боломж, нөхцөлийг нь хангах гээд чармайн ажиллаж байна.
-Мэдээлэл өгсөнд баярлалаа.
ikon.mn