Прокурорын байгууллагаас энэ оны нэгдүгээр улирлын тайлан мэдээг танилцууллаа.
Энэ үеэр Нүүрсний гэх хэрэгт холбогдсон улс төрийн албан тушаалтнуудын хэргийг явцыг Нийслэлийн Прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2 дугаар хэлтсийн дарга Г.Гэрэлтуяа танилцуулав.
Тэрбээр “Уг хэрэгт холбогдуулан ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. Үүнээс хойш 57 хүнд холбогдох таван хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд эхнээсээ хэргүүд шийдэгдээд явж байгаа.
Өнөөдрийн байдлаар УИХ-ын долоон гишүүнд Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Шүүхэд шилжүүлсэн хүн байхгүй, ажиллагаа үргэлжилж байна. Одоогоор Авлигатай Тэмцэх Газраас Нийслэлийн Прокурорын газарт УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал нэмж ирээгүй” хэмээв.
Нүүрсний гэх хэргийг мөрдөн шалгахад УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийн асуудал саад учруулж байна гэж үзэн тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг АТГ-аас Улсын Ерөнхий Прокурорт хүргүүлсэн.
Улмаар УИХ-аар хэлэлцэж, гурван гишүүний хоёрынх нь буюу Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Тэдний ажлын өрөөнд өнгөрсөн долоо хоногт АТГ-аас нэгжлэг хийж, компьютер зэрэг зарим эд зүйлийг нь авч явсан юм.