Хүн төрөлхтний бүтээсэн хамгийн том, хүчирхэг пуужин гэгдэж буй SpaceX компанийн Starship-ийн туршилт хойшлогджээ.

Уг пуужин нь хүмүүсийг сар болон Ангараг гарагт хүргэх зориулалттай юм.

Хөөргөхөөс хэдхэн минутын өмнө туршилтыг цуцалсан нь техникийн доголдолтой холбоотой байжээ.

Тухайлбал SpaceX-ийн үүсгэн байгуулагч Илон Маск пуужингийн хурдасгуурын даралтын хавхлага хөлдсөн тул туршилтыг үргэлжлүүлэх боломжгүй болсныг мэдээлсэн байна.

“Өнөөдөр их зүйлийг ойлголоо. Одоо түлшээ салгаж, хэд хоногийн дараа дахин оролдох болно” гэж тэр сошиал хуудсандаа бичжээ.

Starship пуужинг Даваа гарагийн өглөө АНУ-ын Техас мужийн Бока Чика дахь сансрын буудлаас хөөргөхөөр төлөвлөсөн байв.

SpaceX компани туршилт хамгийн богинодоо 48 цагаар хойшилсон тухай мэдээлжээ.

Энэ удаагийн туршилтаар Starship хөлөг сансарт нисээд 90 минут орчмын дараа буцаж газардах ёстой байлаа.

Дараалсан туршилтуудын дараа NASA сансрын нисгэгчдээ 2025 онд дэлхийн дагуул сар руу уг пуужингаар нисгэх юм. Starship пуужингийн нийт урт 120 метр. Үүний 50 метр нь хүн болон ачаа тээвэрлэх зориулалттай сансрын хөлөг бол үлдсэн хэсэг нь хөлгийг дэлхийн татах хүчнээс гаргах Super Heavy хурдасгуур юм.

Пуужинд өмнө нь бүрэн туршигдаагүй олон эд анги байгаагийн нэг нь Super Heavy хурдасгуур. Тиймээс анхны туршилт бүтэлгүйдэх магадлал өндөр гэгдэж байгаа.

“Пуужингийн нислэг амжилтгүй болох сая шалтгаан бий. Тиймээс бид маш болгоомжтой байж, санаа зовоосон нэг л зүйл илэрвэл туршилтыг хойшлуулах болно” гэж Маск өмнө нь анхааруулж байжээ.

Starship пуужингийн туршилтууд амжилттай болбол сар болон Ангараг гарагт сансрын нисгэгчдийг хүргэж, хүн төрөлхтний “олон гараг дамнасан соёл иргэншил” бүтээх Маскийн мөрөөдөл биелэх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *