Кремлийн бодлогыг шүүмжлэгч, сөрөг хүчний улс төрч, сэтгүүлч Владимир Кара-Мурзад өчигдөр Москвагийн шүүх 25 жилийн хорих ял оноолоо.

Түүнийг эх орноосоо урвасан болон бусад гэмт хэрэгт буруутгасан юм.

Одоо 41 настай Кара-Мурза нь гурван хүүхдийн эцэг бөгөөд Орос, Британийн давхар иргэний харьяалалтай хүн ажээ.

Прокурорууд түүнийг эх орноосоо урвасан, Оросын зэвсэгт хүчний нэр хүндэд халдсан зэрэг хэрэгт буруутгаж, 25 жилийн хорих ял оноохыг шүүхээс хүссэн юм.

Кара-Мурза өмнө нь Кремлийн эрх баригчдын Украинд өдөөсөн дайныг шүүмжилж, Орос орныг “алуурчдын дэглэм” удирдаж буй тухай CNN агентлагт ярьж байжээ.

Тэр бас АНУ болон Европын орнуудад болсон арга хэмжээнүүдэд оролцож үг хэлэхдээ Оросын эрх баригчид Украины нутаг дэвсгэрт иргэний байгууламжуудыг бөмбөгдөж буйг шүүмжилж байсан юм.

Кара-Мурза жил орчмын өмнө баривчлагдаж байлаа.

Өнгөрсөн долоо хоногт тэр шүүхэд хандаж сүүлчийн удаа үг хэлэхдээ өөрийгөө цагаатгахыг хүсэхээс татгалзаж, хэлсэн үг, хийсэн үйлдэл бүрээрээ бахархаж буйг мэдэгдсэн байна.

“Гэмт хэрэгтнүүд хийсэн зүйлдээ гэмших ёстой. Би харин улс төрийн үзэл бодлоосоо болж шоронд сууж байна. Гэхдээ манай орныг нөмөрсөн харанхуй сарних цаг ирнэ гэдгийг би мэдэж байна. Нэрийг нь ашиглан ямар аймшигтай гэмт хэрэг үйлдсэнийг манай нийгэм мэдээд нүдээ нээж, дагжин чичрэх байх” гэж Кара-Мурза тэр үед хэлсэн юм.

2015 ба 2017 онуудад түүний бие хоёр удаа муудаж, хэвтэрт орж байжээ. Оросын тусгай албад өөрийг нь хордуулсан гэж Кара-Мурза тухайн үед мэдэгдэж байв.

Тэрбээр 2015 онд Кремлийн ойролцоо алагдсан Оросын сөрөг хүчний улс төрч Борис Немцовын хамтран зүтгэгч байсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *