Хэрэглээний зээлийн эргэн төлөлтийг 90 хоногоор сунгах тухай Засгийн газар, Эдийн засгийн тогтвортой байдлын зөвлөлийн шийдвэрийг нийгэм гүйцэт ойлгосонгүй бололтой. Зээлтэй болгон гурван сар зээлээ төлөхгүй, зээлэнд өгөх мөнгөө өөр зүйлд зарцуулах боломжтой боллоо. Эсвэл нэг мөсөн тэтгэврийн зээлийг тэглэсэн шигээ тэглэчихгүй яасан бэ гэхчлэн дор бүрнээ авснаа эргүүлэн өгөх хүсэлгүй сэтгэгдлүүд олон нийтийн сүлжээнд дүүрэн хөвөрч байна.
Гэтэл Монголбанкнаас өгсөн мэдээлэлд дээрх шийдвэр нь Зээлийн мэдээллийн санд хугацаа хэтрүүлсэн зээлийн мэдээллийг 90 хоног дотор хэвийн гэж үзэхээр зохих журамдаа түр өөрчлөлт оруулсан байжээ. Энэ нь заасан хугацаан дотор хэтрүүлсэн тохиолдолд гэж авч үзэж байгаа бөгөөд үүнд зөвхөн СOVID-19 –ийн тархалттай холбоотой хорио цээрээс болж зээлийн эргэн төлөлтөө хийж чадахгүйд хүрч буй зээлдэгчдэд хугацааны хувьд боломж олгож байгаа шийдвэр ажээ. Түүнээс бус зээлтэй хүн бүрт зориулагдаагүй юм байна. Өөрөөр хэлбэл орлого нь хэвийн иргэд гэрээгээ мөрдөж, цаг хугацаандаа эргэн төлөлтөө хийсэн хэвээр байна гэсэн үг.
Банк бол төрийн шийдвэрийг дагах албагүй. Яагаад гэвэл бас л нэг бизнесийн байгууллага. 17 мянган ажилтантай эдийн засгийн нэг тулгуур багана бүхий томоохон салбар. Тус салбарын онцлог бол зуучийн үйл ажиллагаан дээр тогтдог цэвэр итгэлцлийн бизнес. Тухайлбал миний банкинд итгэж хадгалуулсан мөнгө өөр хэн нэгэнд зээл болж очно. Зээл авсныхаа төлөө зээлдэгч зах зээлийн нөхцөлөөр хүү төлнө. Тэрхүү хүүнээс мөнгөө хадгалуулсныхаа шанд хүүний төлбөр авна. Ингэж нэг нь нөгөөдөө хэрэг болж буй үйл явцад банк зуучилсныхаа зардлыг зээлийн хүүнээсээ нөхдөг. Маш энгийнээр бол банкийг ийнхүү тодорхойлж болох юм.
Тиймээс банк мөнгөө итгэж хадгалуулсан буюу хадгаламж эзэмшигчдийн мөнгийг хариуцлагаггүй зээлдэгчид алдах эрхгүй болж байна. Зээлдэгчдийн сахилга хариуцлага нь банкны салбарт төдийгүй нийт эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдалд асар хамаатай байдаг тул Зээлийн мэдээллийн сангийн тухай хууль аль ч улс оронд үйлчилдэг. Тус сан нь санхүүгийн үйлчилгээ авагч хэн бүхний мэдээллийг хадгалж байдаг бөгөөд үүгээрээ зээлдэгчдийн хэн болохыг тодорхойлж байдаг онцлогтой. Хэрэв энэ сангийн гэрээ зөрчсөн ангиллуудад бүртгэгдвэл дахин санхүүгийн үйлчилгээ авах боломж хязгаарлагдаж, аль ч байгууллага итгэж хүлээж авахдаа эргэлзэх, зарим тохиолдолд татгалзах болно. Нэгэнт давагдашгүй хүчин зүйлийн өмнө ирж, эдийн засагт хүндрэл учирч, банкны салбарын зээлийн эргэн төлөлтөд доголдол үүсч байгаагаас дээрх шийдвэрийг төр хэрэгжүүлэхээр болжээ. Гэвч чоно борооноор гэгч юм болж, хэрэглээний зээлтэй бүхэн зээлээ төлөхгүй гэж аяглах ч авсан л бол өгөх гэрээтэй юм хойно хугацааны хувьд эргээд л дарамт болно гэдгийг санах хэрэгтэй биз ээ.
Зээл, зээлийн хүүний ард, хадгаламж эзэмшигч, банкны ажилчид тэдний гэр бүл, бүр томоороо Монгол улсын эдийн засаг уяатай байдаг.