Улсын Ерөнхий Прокурорын Газар(УЕПГ)-аас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр нүүрсний хэрэгт холбогдуулан 92 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Үүнээс 44 нь нийтийн албан тушаалтан, 48 нь аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх, удирдах албан тушаалтан болон бусад иргэн байгааг Нийслэлийн Прокурорын Газар (НПГ)-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих нэгдүгээр хэлтсийн дарга Б.Мөнх-Од хэллээ.
Тэрбээр “Нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах ажиллагаатай холбоотой хэргүүдийг шалгаж, шийдвэрлэх ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор УЕПГ-ын шийдвэрээр АТГ болон цагдаа, тагнуулын байгууллагын мөрдөгч нар ажиллаж байна.
Тодруулбал, НПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 11 прокурор, орон нутгаас зургаан прокурор нэмэлтээр ажиллаж байгаа юм. Хамтарсан ажлын хэсгээс нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах ажиллагаатай холбоотой нийт 46 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Үүний 28 нь хэрэг бүртгэлтийн хэрэг, 18 нь мөрдөн байцаалтын хэрэг юм” гэлээ.
Үргэлжлүүлэн “Одоогийн байдлаар дээрх 46 хэргээс 23 хүнд холбогдох дөрвөн хэрэгт нь НПГ-аас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн. Хэрэг бүртгэлтийн 28 хэрэг, мөрдөн байцаалтад 12 хэрэг бий.
Прокурорын байгууллага 28 хүнд холбогдох хоёр хэргийг хянаж байна. Тухайлбал,
- Гашуунсухайт дахь Гаалийн газрын улсын байцаагч болон Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтын хилийн шалган нэвтрүүлэх албан хаагчдад холбогдож байгаа юм.
- Хил хамгаалах ерөнхий газрын хилийн 131 дүгээр ангийн 0325 дугаар салбарын алба хаагчид албаны чиг үүрэгт хамааралгүй, гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийснийхээ хариуд хахууль авсан хэрэгт холбогдуулан НПГ-аас хянаж байна.
Нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах ажиллагаатай холбоотой хэргүүдэд АТГ-ын 25 мөрдөгч, цагдаагийн байгууллагын 78 нийт 103 мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Өнгөрсөн хугацаанд хамтарсан ажлын хэсгийн мөрдөгчид нийт 7,457 хүнээс гэрчийн мэдүүлэг авч, 331 үзлэг, 142 нэгжлэгийн ажиллагаа явуулжээ.
Цагдаагийн байгууллага 90,941 хуудас цаасан баримт, АТГ 547 хавтас, цаасан суурьтай баримтыг тус тус хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна” гэдгийг хэлэв.