Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх. Яагаад архины асуудал дээр Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын газар анхаарал хандуулах болов June 22, 2022August 22, 2022 –Та Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх. Яагаад энэ асуудал дээр Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын газар анхаарал хандуулах болов? Анх сэдэл нь хаанаас үүсээд энэ асуудлыг нийгэмд тодоор дэвшүүлэх болов?-Энэ бол өнөөдөр л яригдаж байгаа сэдэв биш. Одоогийн Ерөнхийлөгч Засгийн газрын тэргүүн байхдаа архидалтын асуудал дээр зөв бодлого хэрэгжүүлэх ёстой гэдгийг ярьж эхэлсэн. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, согтууруулах ундаанаас үүдэлтэй өвчлөл, осол гэмтэл гэх мэт хувь хүнд асар их хор нөлөөтэй үр дагаврууд байна. Нөгөө талаасаа архидалтын нийгэмд үзүүлж буй хортой нөлөө байна. Бидний байнга ярьдаг хүүхдийн хүчирхийллийн ард, дийлэнх хувьд нь архи холбогддог. Зам, тээврийн ослын дийлэнх нь архитай холбогддог. Хүмүүс ядуу байгаагийн бас нэг гол шалтгаан нь архидалт. Өнөөдөр хүмүүс үнэхээр ядарч туйлдаад, амьдрал нь ядуу байгаад архи уугаад байна уу гэвэл үгүй. Ажил хийдэг, цалин нь буусны маргааш, нөгөөдөр, хоёр гурван өдрөөр ажил тасалдаг үзэгдэл манай улсад байна. Энэ үнэхээр хүмүүс ажилгүй, ядуу байгаагийнх уу? Сэтгэхүйн асуудал байна. Мөн архийг бодлогоор дэмжиж ирсэн гэдэг нь тодорхой. Тийм учраас бид үүний эсрэг зайлшгүй арга хэмжээ авах ёстой гэдэгт хатуу байр суурьтай байгаа.–Нийгмийн бодлогын хүрээнд аваад үзвэл маш олон тулгамдсан асуудал байгаа. Хүүхдийн хүчирхийлэл нь тусдаа асуудал юм шиг боловч углуургаар нь аваад үзвэл архидалтаас үүдсэн байдаг байх нь. Тэр үүднээсээ энэ сэдвийг хурцаар хөндөх болсон байх. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч мөн архины асуудлыг хөндөж гаргаж байсан. Өөрөө шинэ жилийн мэндчилгээндээ сүү өргөдөг байсан. Ядаж төрийн ёслол, арга хэмжээнүүд дээр архи хэрэглэхгүй гэж зарласан. Гэвч өнөөдрийг хүртэл архины сөрөг үр дагавар буураагүй, тулгамдсан асуудал хэвээрээ байна. Тэгэхээр архи бол Ерөнхийлөгч хүний хэлэх ёстой лоозон, уриа юм байна, нийгэмд хамгийн их тулгамдсан, хөндүүр сэдвийг барьж аваад ажил хийж байгаа юм шиг харагдаад, попроод өнгөрөх вий гэсэн эргэлзээ байна? Бид хоёроос хойш тав, 10 жилийн дараа дахиад хоёр хүн яг ингээд яриад сууж байвал тун харамсалтай. Энэ удаа зүгээр нэг яриа биш гэж харахын тулд юунд итгэх ёстой вэ? Яагаад энэ удаа гэж?-Энэ удаа архины асуудлаар лоозогноод өнгөрөхгүй гэдэгт би бат итгэлтэй байна. Олон шалтгаан бий.Нэгдүгээрт, одоогийн Ерөнхийлөгч Засгийн газрын тэргүүн байсан учраас энэ олон зүйлийн учир шалтгааныг сайн мэднэ. Хоёрдугаарт, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Засгийн газрын тэргүүн бүгд нэг зүгт харж байна. Бодлого нь 100 хувь хэрэгжих боломж өнөөдөр бүрдсэн байна. Гуравдугаарт, архи, согтууруулах ундааны зохистой хэрэглээг бий болгох зорилгоор бид маш олон судалгаа хийсэн. Өнөөг хүртэл энэ чиглэлээр хийсэн, гар дээр тавих бэлэн судалгаа байдаггүй байсан. Энэ удаа бид илүү шинжлэх ухаанч, бодит байдлаар асуудалд хандаж байгаа.Тийм учраас Монголын ард түмний үндэсний аюулгүй байдалд заналхийлэх түвшинд очсон өнөөгийн нөхцөл байдлыг бид өөрчилж чадна гэдэгт 100 хувь итгэлтэй байна.–Бугширсан байгаа энэ асуудалд зөвхөн төр нэг талаасаа хандаад, Төрийн тэргүүн нь дангаараа хичээгээд, их урам зоригтой байснаар бүтэхгүй байх л даа. Маш олон талын ойлголцол, дэмжлэг бүрдэх ёстой байх. Хувийн хэвшил, ард иргэд, залуучуудын хандлага гэх мэтээр маш олон тал нэг зүгт харж байж амжилт олох байх гэж харж байна. Үнэхээр л залуучууд маань зөв зохистой хэрэглээсэй, өндөр хөгжилтэй орнууд шиг сайхан орчин бүрдээсэй гэж би ч хүсэж байна. Та нийгмийн ойлголцлыг бүрдүүлэхийн тулд, уриалахын тулд энэ ярилцлагад орж байгаа байх. Яагаад үүн дээр нэгдэх ёстой вэ?-Өнөөдөр нийгмээ харах юм бол сөрөг зүйлүүд яах аргагүй архи, согтууруулах ундаатай холбогддог. Согтууруулах ундааны хэрэглээг багасгаж, зохистой хэрэглээнд шилжихгүйгээр бусад ямар ч том зүйл яриад, тэр нь биеллээ олоход үнэхээр хэцүү. Архи уудаг, архинд дасал болсон хүмүүсийн тоо нэмэгдээд явах юм бол нийгэм урагшилна гэж харах итгэл алга. Нийгэм ч энийг хүлээн зөвшөөрч байгаа. Өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгчийн санаачилгаар хийгдсэн форумуудыг харахад хүмүүсийн хүлээж авч байгаа байдлаас харагдаж байна. Монголын олон эх, хүүхдүүд архидалттай тэмцээсэй гэж хүсэж байгаа. Ашиг сонирхол нь хөндөгдөх гээд байгаа зарим тал сөрөг хандлагатай байгаа нь ажиглагдаж байгаа. Гэхдээ тэр хүмүүс нийгмийн маш бага хэсгийг хамарч байгаа болов уу гэж бодож байна. Энэ асуудалд зөвхөн төр, засаг анхаарч байгаа юм биш, архидалттай тэмцэх цаг нь ирсэн гэдгийг нийгмээрээ хүлээн зөвшөөрч байгаа, ийм цаг үе байна гэж харж байна. Share on FacebookShare on Twitter