–Архины үнэ өндөр болбол “шагийн архи хөгжинө” гэдэг нь сөрөг аргумент тавьж байгаа хүмүүсийн жижүүрийн үг болсон. Өмнө нь Монголд байсан үзэгдэл. Таны цогц бодлогод энэ асуудал яаж тусах вэ? Яаж шагийн архийг хөгжүүлэхгүй байх вэ?
-Улс орны онцлогт тохирсон бодлого гэж яриад байгаа нь үүнтэй холбоотой. Архи, согтууруулах ундааны градусыг үе шаттай бууруулах, бага градустай согтууруулах ундаа хэрэглэх нөхцөлийг нь бүрдүүлэх шаардлагатай. Одоо худалдан авч байгаа үнээрээ бага градустай архи авч хэрэглэх сонголт нь байсаар байхад заавал баталгаагүй, шагийн архи авч хэрэглэх шаардлага үүсэхгүй байх талаас нь харж байна. Үүссэн тохиолдолд хяналт тавих, өндөр хариуцлага тооцоход анхаарах ёстой. Тэгэхгүй бол өнөөдөр хуурамч архи борлуулсан хүнд торгуулийн арга хэмжээ авч байна. Өчнөөн шагийн архи зарж борлуулсан хүнийг 40 мянган төгрөгөөр торгоод явуулдаг учраас байсаар байна. Энэ бүгдийг тооцсон бодлогын шинэчлэл хийх ёстой.
–Энд нөгөө талдаа архи, согтууруулах ундаа үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн асуудал байдаг. Эдгээр аж ахуйн нэгж том татвар төлөгч, ажлын байр бий болгогчид.
-Манай улсад хэрэглэж байгаа согтууруулах ундааны зөвхөн архийг л аваад үзэхэд 97 хувь нь үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрлэсэн архи байдаг. Бид үндэсний үйлдвэрлэгчдээ хохироосон бодлого, шийдвэр гаргаж болохгүй гэдэг талаас нь харж, тооцож байгаа. Энэ асуудлаар үндэсний үйлдвэрлэгчидтэйгээ уулзаж, санал солилцсон. Судалгаандаа ч оруулсан. Татварын хувь хэмжээнд өөрчлөлт орлоо гэхэд борлуулалтад ямар нөлөө гарах вэ, үйлдвэрлэгчдийн ашиг, орлого буурах уу, тэдний өгч буй татварын хэмжээ багасах уу гэдэг асуудлыг тооцоод судлаад гаргаад ирсэн.
Бидний судалгаагаар үндэсний үйлдвэрлэгчдэд сөргөөр нөлөөлөх, тэдний улсын төсөвт төвлөрүүлж буй татварын хэмжээнд нөлөөлөх зүйл байхгүй. Харин ч эерэг үр дүн гарахаар байгаа. Үндэсний үйлдвэрлэгчид бага градустай архиа түлхүү үйлдвэрлэж, иргэд ч үүнийг хэрэглэж төлөвшөөд эхэлбэл өмнө нь олж байсан орлогоо олох боломж бүрдэнэ. Түүнчлэн өндөр градустай архины татвар нэмэгдэхээр улсын төсөвт төвлөрөх татварын хэмжээ нэмэгдэнэ.
–Энэ өнцгийг анх удаа сонслоо, их зөв санагдаж байна. Манай залуучууд чөлөөтэй байя, нээлттэй байя гэж ярьдаг. Одоо архи, согтууруулах ундаа зардаг газрууд шөнийн цагаар чөлөөтэй ажилладаг боллоо. Архийг зүй зохистой хэрэглэдэг хүмүүс нь бусдынхаа хоморгонд өртөх асуудал үүсэх үү? Зүй зохистой хэрэглэдэг хүмүүсийн зүгээс эсэргүүцэл үзүүлж, яагаад байгаагаар нь орхиж болдоггүй юм бэ гэдэг асуудлыг тавих байх?
-Бусад улс орныг харвал өдрийн амьдрал, шөнийн амьдралд ямар нэг хязгаар тавихгүй байна. Энэ асуудлыг бусад бодлогоороо зохицуулаад байгаа юм. Бид согтууруулах ундааны хэрэглээг бууруулахдаа ямар нэг хүч хэрэглэсэн байдлаар хэрэгжүүлбэл урт хугацаандаа үр дүн нь улам буурч, нийгэмд бухимдал үүсгэнэ. Ингэхээс зайлсхийх ёстой. Зөв зүйтэй өөр олон арга байна. Заавал архи зардаггүй өдөртэй байх, архи борлуулдаг цагийг зааж өгөхгүйгээр согтууруулах ундааг соёлтой хэрэглэх боломжийг нь бүрдүүлсэн, зохисгүй хэрэглээг хязгаарласан уян хатан бодлогуудыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Ингэж чадвал урт хугацаанд гарах үр дүн нь өндөр байх юм.