Дөрөвдүгээр сар хүртэл бага, дунд, ахлах сургуулиудыг хаах шийдвэр гарсны дараа Японы, Хонконгийн эцэг эхчүүд өдөр тутмын өрхийн зардал нэмэгдэнэ гэж үзжээ.
Хүүхдүүд гэртээ үлдэхээр болсон тул Хонконгийн сургуулиуд төлбөрөө буцаахад хүрч магадгүй байна. Учир нь сургуулийг нэгдүгээр сарын сүүлээс эхлээд дөрөвдүгээр сарын 20-н хүртэл хаах шийдвэр гаргасан юм.
Өнгөрсөн пүрэв гарагт Япон улсын Засгийн газар мөн л коронавирусийн дэгдэлтийг намжаах зорилгоор сургуулиудыг хаах шийдвэр гаргасан. Ингэснээр хүүхдүүд болон багш нарын дунд халдвар дэгдэхээс сэргийлж байгаа ажээ.
Гэвч эцэг эхчүүд нийгмийн сүлжээнд гэнэтийн ийм шийдвэрийг таагүй хүлээн авч, зарим нь Ерөнхий сайд Шинзо Абэг нэр хүндээ өсгөх гэсэн оролдлого хийж байна хэмээн шүүмжилсэн байна. Зарим эцэг эх хүүхдүүдийг харах хүн хөлслөх шаардлага гарч байна гэжээ.
Харин Японы засгийн газар ажил олгогчидтой хамтран ажиллаж, ажилчдаа уян хатан цагаар ажиллахыг уриалах болно гэсэн байна. Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихида Сүга “Бид улсын байгууллага болон хувийн хэвшлийн компаниудыг ажилчдадаа чөлөө олгох боломжоор хангахыг уриалах болно” хэмээн мэдэгдсэн байна.
Хонконг болон Японы ажил олгогчид ажилчдаа гэрээсээ ажиллах шийдвэр гаргасаар байна. Гэвч зарим эцэг эхчүүдийн хувьд хүүхдийнхээ хичээлд анхаарахын зэрэгцээ гэрээсээ ажлаа хийх хүндрэлтэй байгаа аж.
Сингапур болон Өмнөд Солонгост сургуулиудыг хаагаагүй бөгөөд хүүхдүүдийн үзлэгт хамруулж, эцэг эхчүүдийг ч өдөр бүр хүүхдээ шалгаж халууныг нь хэмжиж байхыг хүсчээ.
Гурав болон долоон настай хоёр охинтой Хонконгт ажилладаг япон ээж сургууль хаасан учраас Япон руу буцахаар болсон байна. Гэвч нөхрийнх нь компанийн удирдлага Японоос алсын зайгаар ажиллахыг зөвшөөрөөгүй тул нөхөр нь Хонконгт үлдсэн байна. “Тиймээс хүүхдүүд маань сар гаран аавтайгаа уулзсангүй” хэмээн ярьжээ.
“Японы Засгийн газар дэндүү гэнэтийн шийдвэр гаргалаа. Тиймээс бид эргээд Хонконг явахаар шийдсэн. Үнэндээ нөхрөөсөө тусдаа байж Японд үлдэх шаардлага алга” гэжээ. Хонконгт охиных нь явдаг олон улсын сургууль болон бага охиных нь явдаг цэцэрлэгийн зүгээс ажиллаагүй өдрүүдийн төлбөрийн буцаалтыг олгохгүй гэсэн байна.
“Би хүүхдүүдийнхээ хичээлээс гадуурх сургалтуудад төлбөр төлсөн. Тэдгээрийн ихэнх нь хичээлээ нөхөх санал тавьсан. Гэвч ороогүй хичээлийг бүгдийг нь нөхөх эсэх нь тодорхойгүй. Энэ нь миний санааг зовоож байна” гэжээ.
Хонконгийн Ю Чунг олон улсын сургуулийн багш Мэтью Морбах “Бид нэг ч хичээл алдагдуулаагүй. Google Classroom ашиглан багш нар хуваарийн дагуу видео хичээлээ оруулж байгаа. Мөн бид урьдын адил цахимаар хурлаа хийж, шаардлагатай гэсэн сурагчдадаа анхаарал тавьж байна” гэжээ.
Токио дахь Aoyama Gakuin их сургуулийн эдийн засгийн ухааны профессор Челси Шенди Шийдер “Энэ бол маш гэнэтийн шийдвэр” гэсэн бол Кобе их сургуулийн халдварт өвчний мэргэжилтэн Кентаро Ивата “Би ойлгохгүй байна. Хүүхдүүд коронавирусийн халдварт өртөх нь харьцангуй бага байгаа. Тэд халдвар авсан ч тийм хүнд өвдөхгүй байна” хэмээн хэлсэн байна.
Эцэг эхчүүд ч нийгмийн сүлжээгээр өөрийн сэтгэгдлээ илэрхийлжээ. Нэгэн хэрэглэгч “Засгийн газар компаниудтай хамтран ажиллаж, хүүхдээ ганцаараа өсгөж байгаа ганц бие эцэг эхчүүдэд нөхөн олговор олгох, зарим эцэг эхчүүдийн асуудлыг шийднэ гэж найдаж байна ” хэмээн Твиттерт бичжээ.
Чиба мужийн захирагч Тоүихито Күмагай дээрх шийдвэрт ихэд гайхаж, цочирдон хүлээн авсан бөгөөд эмч, нийгмийн ажилтнууд, цагдаагийн алба хаагчид болон гал сөнөөгчдийн ар гэрт санаа зовж буйгаа илэрхийлсэн байна.
Эх сурвалж: ВВС, Japan times