МҮХАҮТ-д өргөтгөсөн хуралдаан болж УИХ-ын дарга Г.Занданшатар, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар оролцлоо. Энэ үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Өнөөгийн эдийн засгийн байдлыг өмнө нь гарсан САРС-ын халдвартай харьцуулан судалж байна. САРС-ын үеэр эдийн засаг огцом унаж, огцом өссөн түүх бий. Энэ удаад ч энэ үзэгдэл БНХАУ болон бусад улсад гарах болов уу гэсэн таамаглал байна. 2019 онд төгрөгийн үнэ америк долларын эсрэг 3.4 хувиар, энэ онд зургаан хувиар суларсан. Гэхдээ төгрөгийн сулрал инфляциас бага байгаа тул харин ч тогтвортой байна. 2019 онд манай эдийн засаг таван хувиар өссөн. Иймээс ханш савлахгүй. Төлбөрийн болон худалдааны тэнцлээс төгрөгийн ханш шууд хамаардаг. Төлбөрийн тэнцэл дандаа ашиггүй гардаг байсан бол хамгийн сүүлийн үзүүлэлтээр ашигтай гарсан.

Гэвч иргэд ханш сулрах нь гэсэн хүлээлттэй байгаа нь эрэлт үүсгэж байна. Түүнээс эдийн засгийн сууриа харвал төгрөг харин ч чангарах учиртай. Валютын албан нөөц дөрөв дахин өссөн. Хангалттай нөөц бий тул төгрөгийн үнэ дахин унахгүй. Өнөөдөр 40 сая ам.долларын захиалга ирснийг бид бүгдийг нийлүүлсэн. Ямар захиалгууд байна гэхээр дийлэнх нь шатахууны компаниудынх байна. Бид өнөөдрийн зах зээлийн ханшаар ам.доллар хангалттай нийлүүлж чадна. Зээлийн тухайд бидэнд богино хугацааны сорилт тулгарч байна. Бизнес эрхлэгчдэд ямар нэг хүндрэл үүссэн бол банктайгаа харилцах хэрэгтэй. Бид ямар нэг зохицуулалт хийж чадахгүй. Олон улсын бүртгэлийн стандартаа л мөрдөнө.

Үүнд төр оролцох боломжгүй. Эдийн засаг тогтвортой өсөж байгаа нөхцөлд бид бодлогын хүүг бууруулах орон зай үүслээ. 10.5 хувь болгох талаар хэлэлцсэн ч АНУ-БНХАУ-ын худалдааны дайны улмаас болгоомжилсон. Мөнгөний бодлогын зөвлөлийн дараагийн хурал ирэх сард болно. Зээлийн хүү яваандаа зугуухан бууна гэдэгт итгэлтэй байна” гэж байлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *