Цар тахлын улмаас сулраад буй дэлхийн эдийн засгийн сэргэлтийн хүч нь нүүрс байна хэмээн шинжээчид тодорхойлж байна. 

Энэ нь төсвийн орлогын 20 хувиа нүүрснээс бүрдүүлдэг манай услын хувьд томоохон боломж мэт сонсогдож байгаа байх. Харин алсдаа нүүрсээр орлого олох боломжгүй болно гэдгийг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхийн томоохон гүрнүүдийн амлалт дохиолж байгаа юм. 

Монгол Улс 2021 онд уул уурхайгаас 3.4 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэх бөгөөд үүний 1.3 их наяд төгрөгийг нүүрсний экспортоор бүрдүүлэхээр тооцсон юм. Өөрөөр хэлбэл, 2021 онд төсвийн орлогын 26 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн бүрдүүлэх төсөөлөл бий. Гэвч БНХАУ руу өдөрт 700 ба түүнээс давдаг байсан нүүрс тээврийн машины тоо цар тахлын улмаас сүүлийн сард 50 орчимд эргэлдэг байгаа юм. Тиймээс дэлхийн зах зээлийн огцом өсөлтийн үеийг Монгол Улс зөв ашиглаж дараагийн түвшинд гарах шаардлагатай болжээ.

Улс орнууд хүлэмжийн хийгээ бууруулах хүчин чармайлтын дор дахин нэгдэж байна. Хэрэв Засгийн газрууд нүүрстөрөгчийн ялгарлаа бууруулах ажлыг эрчимтэй эхлүүлэхгүй бол 2022 онд үүнээс ч дор нөхцөл байдалтай нүүр тулах магадлалтай талаар CNN-д хөндсөн нийтлэлийг хүргэж байна. 



Цар тахлын дараах дэлхийн эдийн засаг сэргэхийн хэрээр нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаралт эрс нэмэгдэх аюул дагуулах нь. 

Олон улсын Эрчим хүчний агентлагаас гаргасан шинэ тайланд Ази, тэр дундаа Хятадын нүүрсний хэрэглээ эрчимтэй өсөж буй нь сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнээс давснаар 2021 онд нүүрстөрөгчийн ялгарал 1.5 тэрбум тонноор нэмэгдэх хандлагатай байна хэмээн тооцоолжээ. Энэ нь эрчим хүчнээс шалтгаалсан нүүрстөрөгчийн ялгаруулалтын түүхэн дэх хоёр дахь том өсөлт болох аж.  

Энэ талаар тус агентлагийн гүйцэтгэх захирал Фатих Бирол “КОВИД-19-ийн дараах эдийн засгийн сэргэлт бүх талаараа таатай ч уур амьсгалын тогтвортой байдлын хувьд ноцтой сэрэмжлүүлэг” хэмээн мэдэгдэлдээ дурджээ. 

“Дэлхийн улс орнуудын Засгийн газрууд утааг бууруулах ажлыг эрчимтэй эхлүүлэхгүй бол бид 2022 онд үүнээс ч дор нөхцөл байдалтай нүүр тулах магадлалтай байна”

Парисын хэлэлцээрт нэгдсэн дэлхийн улс орнуудын 40 удирдагч энэ оны дөрөвдүгээр сарын дундуур АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены урьсан уур амьсгалын хямралын асуудлаарх хоёр өдрийн цахим уулзалтад оролцсон. Фатих Бирол үүнийг “Тодорхой бөгөөд яаралтай арга хэмжээ авах чухал мөч” хэмээн нэрлэжээ.

Британи улс энэхүү хурлаар нүүрстөрөгчийн хийн ялгаруулалтаа бууруулах шийдэмгий зорилт тавьсан байна. Тодруулбал, 2035 он гэхэд Британи хүлэмжийн хийн ялгарлыг 1990 оны түвшинтэй харьцуулахад 78% бууруулахаа тус улсын Ерөнхий сайд Борис Жонсон Financial Times-т ярьжээ.

Өнгөрсөн жил цар тахалтай холбоотойгоор дэлхийн улс орнуудад хөл хорионы дэглэм зонхилж, хүмүүс гэртээ байснаар хүлэмжийн хий огцом буурсан. Гэвч цар тахалтай холбоотой уур амьсгалын өөрчлөлтийн хүрээнд бий болсон эерэг өөрчлөлтүүд нь түр зуурынх юм. Хөгжиж буй орнуудын хэрэглээтэй холбоотойгоор энэ онд дэлхийн эрчим хүчний хэрэглээ 2019 оны түвшнээс 4.6% өснө гэсэн тооцоог ОУЭХА тооцоолжээ. Үүнийг дагаад цар тахалтай холбоотойгоор 2019 оноос 80% буураад байсан эрчим хүчтэй холбоотой хүлэмжийн хийн ялгарал буцаад огцом өсөх төсөөлөлтэй байна. 

Нүүрсний хэрэглээ энэ удаа анхаарал татаж байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ жил нүүрсний эрэлт 2014 оны оргил үеийнхэд дөхөж очих төлөвтэй байгаа юм. Тэр дундаа дэлхийн нүүрсний эрэлтийн өсөлтийн 50%-ийг Хятад улс дангаараа хангах төлөвтэй байна.
АНУ, Европын нүүрсний хэрэглээ мөн нэмэгдэж байгаа ч хямралын өмнөх түвшнээс доогуур байна хэмээн үзэж буй. 

Өнгөрсөн долоо хоногийн эхээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш хөгжингүй орнуудыг 2030 он гэхэд нүүрсний хэрэглээнээс татгалзаж, нүүрсээр ажилладаг шинэ цахилгаан станцууд барихаа зогсоохыг уриалсан.

Үүний зэрэгцээ эрчим хүчний эрэлт сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд хамгийн их өсөлтийн үедээ байна.

Гэхдээ нэг сайн мэдээ байгаа нь, 2021 онд дэлхийн цахилгаан эрчим хүчний хангамжийн өсөлтийн талаас илүү хувь нь сэргээгдэх эх үүсвэрээс бүрдэхээр байгаа юм. Ялангуяа, Хятад дахь нар, салхины эрчим хүчний эх үүсвэрийн өсөлт нөлөөлнө.

Түүнчлэн КОВИД-19-ийн халдвар, вакцинжуулалтын явц тодорхойгүй байгаа тул тооцооллыг хийхэд эргэлзээтэй зүйл олон байсан. Хэрэв аялал жуулчлал эрт ихэлбэл эрчим хүчний хэрэгцээ улам бүр нэмэгдэнэ гэдгийг Олон улсын Эрчим хүчний агентлаг дурджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *