Т.Мөнхсайхан: Архидалт манай улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлэх түвшинд хүрсэн June 22, 2022August 22, 2022 онгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” сэдэвт үндэсний чуулганы үеэр “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж, нийгмээрээ архидалттай тэмцэхийг уриалсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан Монгол телевизийн “Хар хайрцаг” нэвтрүүлэгт оролцож, энэхүү санаачилгыг гаргах болсон шалтгаан, үндэслэл, зорилго, түүнд хүрэх арга зам, бодлогын шинэчлэл болон бусад сэдвээр ярилцлага өгснийг бүрэн эхээр нь хүргэж байна.–Танд энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр хоёулаа үеийн үед яригдаж ирсэн сэдвээр ярилцах гэж байна. Энэ бол архидалт. Саяхан болж өнгөрсөн эрэгтэйчүүдийн форумын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч архидалтын талаар хөндөж ярьсан нь олон нийтийн сүлжээнд том мэтгэлцээн үүсгэсэн. Энэ сэдэв өнөөдөр ч ид яригдаж байна. Өнөөгийн Монголын нийгэмд архидалт ямар түвшинд байгаа юм бэ? Бусад улстай харьцуулахад нөхцөл байдал ямар байгаа вэ? Мөн гарц шийдэл нь юу байж болох вэ? Бодит шийдэл байна уу? Энэ бүгдийн талаар хоёулаа ярилцана. Миний эхний асуулт архины хор хөнөөлийн тухай. Иргэдийн эрүүл мэнд, өвчлөлд хэрхэн нөлөөлж байна вэ?-Бид архидалт, архины зохисгүй хэрэглээний талаар олон жил ярьж ирсэн. Өнгөрсөн хугацаанд архидалтыг бодитоор багасгах арга хэмжээ авч чадсан эсэх, бодитоор судалсан эсэх, судалгаанд тулгуурласан бодлогыг хэрэгжүүлсэн эсэхийг юун түрүүнд авч үзлээ. Гэвч бид архидалтын талаар ярьж байсан боловч дорвитой арга хэмжээ аваагүй байна. Энэ нь өнөөдрийн манай улсын архины хэрэглээний нөхцөл байдлаас харагдаж байгаа юм. Жишээ нь, 2008 оноос хойш манай улсад архины үйлдвэрлэл гурав дахин нэмэгдсэн байна. Архины шалтгаантай нас баралт жил бүр нэмэгдэж байна. Өнөөдөр жилд 4,500 хүн архины шууд болон шууд бус хамааралтай байдлаар нас барж байна. Өнгөрсөн хугацаанд 2,100 орчим хүн Ковид-19 цар тахлын улмаас нас барлаа. Гэтэл жилд архины шалтгаанаар нас барж буй хүний тоо үүнээс хоёр дахин илүү байна.Архины хор хөнөөлийг хүмүүс надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Нэгдүгээрт, архи хэтрүүлэн хэрэглэж байгаа хүний бие, физиологид асар их өөрчлөлт орж, эрүүл мэндээрээ хохирдог. Хоёрдугаарт, өөрөө хохироод зогсохгүй бусдад хохирол учруулдаг. Тухайлбал, авто тээврийн осол, гэр бүлийн хүчирхийлэл зэрэг олон сөрөг үр дагаврыг нийгэмд авчирдаг. Энэ тоонуудыг аваад үзвэл архидалт өнөөдөр манай улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлэх түвшинд хүрсэн байна.Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жилд нэг хүнд ногдох спиртийн дундаж хэрэглээ нь 7 литрээс давбал үндэсний аюулгүй байдалд аюул учирсан гэж үздэг. Гэтэл манай улсад 12 литрт хүрчихээд байна. Жилд нэг хүнд ногдох согтууруулах ундааны хэмжээ 55 литрт хүрсэн. Энэ нь 21-ээс дээш насны хүн амаа тооцоход нэг хүнд ногдох хэмжээ гэсэн үг. Тэгэхээр архидалт, архины хэрэглээ өнөөдөр үндэсний аюулгүй байдлын түвшинд хүрсэн байна.Үүний шалтгаан юу вэ гэвэл, өнгөрсөн хугацаанд архидалтын эсрэг дорвитой арга хэмжээ авч, бодлогын шийдэл гаргаагүй, судалгаа хийгээгүй, нотолгоонд суурилсан төрийн бодлого явуулаагүй.–Төр онцгой албан татвараар дамжуулан бодлогоо тохируулдаг. Согтууруулах ундаанд онцгой албан татвар ногдуулаад амжилтад хүрсэн бусад улс орны туршлага байдаг уу?-Байлгүй яах вэ. Согтууруулах ундааны хэрэглээг маш өндөр хувиар бууруулж чадсан улс орнууд дандаа татварын бодлогодоо өөрчлөлт оруулсан байдаг. Канад Улс онцгой албан татварыг 10 хувиар нэмэгдүүлэхэд шар айрагны хэрэглээ 5.9 хувиар, архины хэрэглээ 7.8 хувиар буурсан байдаг. Бусад улс орон ч ийм төрлийн арга хэмжээ авсан. ОХУ-д гэхэд 2021 онд 9 градусаас дээш спиртийн агууламжтай согтууруулах ундаанд ногдох онцгой албан татварын хэмжээг дөрвөн хувиар нэмэгдүүлсэн. Татварын бодлогоо зөв явуулсан улс орнууд архи, согтууруулах ундааны хэрэглээг бууруулж чадсан байгаа юм.Манай улсын хувьд 2012 онд 25-40 градусын архинд ногдох татвар дөрвөн ам.доллар байсан. Гэтэл энийг 2015 онд 5,800 төгрөг болгож өөрчилсөн. 2015 оноос хойш 6,960 төгрөг болсон. Ердөө 1,000 гаруй төгрөгөөр нэмэгдсэн гэсэн үг.Одоогоос 30 жилийн өмнө талх хэдэн төгрөг байсан бэ? Талхны үнэ 1 төгрөг 50 мөнгө байхад архины үнэ 22 төгрөг байсан. Гэтэл одоо талх 1,500 төгрөг, харин 500 граммын 38 градустай архийг 5,500 төгрөгөөр зарж байна. Үүнээс харвал манай улсад архийг дэмжих татварын бодлого хэрэгжиж иржээ.Архидалттай тэмцэх гол арга нь татварын бодлого гэдэг нь олон улсад судалгаагаар нотлогдсон. Манай улсад хийсэн судалгаагаар татварыг 40-50 хувиар нэмэхэд хэрэглээ 10-20 хувиар буурна гэсэн тооцоо бий. Бид судалгаа, нотолгоонд суурилсан төлөвлөгөөтэй ажиллаж байна.–Өөрөөр хэлбэл сүүлийн 30 жилд бүх юмны үнэ нэмэгдсэн байхад архины үнэ нэмэгдээгүй байна, тийм үү?-Архины үнийг талхны үнэтэй л харьцуулаад үзэхэд 30 жилийн өмнө архи талхнаас 20 дахин үнэтэй байсан байна. Харин өнөөдөр гурав дахин үнэтэй байна. Эндээс харахад ард иргэдийг архи уух боломжоор нь хангах бодлого өнгөрсөн хугацаанд хэрэгжиж ирсэн гэдэг нь тодорхой байна. Хэрвээ 2012 оны дөрвөн ам.долларын татвар хэвээр байсан бол өнөөдөр архины татвар 12 мянга орчим төгрөг байхаар байна. Тэгвэл өнөөдөр дэлгүүрт 5,500 төгрөгөөр 38 градустай архи зарах боломжгүй байх байсан. Өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн бодлого ямар ч нөлөө үзүүлээгүй байгаа юм. Share on FacebookShare on Twitter