Афганистанд монгол цэргүүд дайралтанд орж гэмтэж шархадсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тараад байна.

Энэ талаарЗэвсэгт хүчний Жанжин штабын Хэвлэл мэдээллийн албаны дарга, хурандаа Б.Отгонбаяраас тодрууллаа.

Тэрбээр “Сүүлийн үед цахим орчинд “Афганистан улсад үүрэг гүйцэтгэж байгаа манай орны цэргийн алба хаагчид халдлагад өртсөн” гэх хуурамч бөгөөд олон түмнийг айдаст уриалсан мэдээлэл цацагдаж байна.

Афганистанд үүрэг гүйцэтгэх ажиллагаа өнгөрсөн тав, зургаадугаар сард дууссан. АНУ тэргүүтэй олон улсын бүх бие бүрэлдэхүүн Афганистаны нутгаас гарсан. Тийм ч учраас цаг үеийн байдал нь хүнд байгаа. Тэнд нэг ч Монгол цэрэг байхгүй” гэсэн тайлбар өглөө.

Түүнчлэн “Цэргийн байгууллага нь Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, ард иргэдийн аюулгүй байдлыг цэргийн хүчээр хангах чиг үүрэгтэй төрийн байгууллага бөгөөд аливаа худал мэдээллийг цахимаар олон нийтэд тарааж байгаа нь зохисгүй үйлдэл болохыг бид удаа дараа анхааруулсаар байгаа.Энэ удаагийн хуурамч мэдээллийн хувьд, Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад явагдсан олон үндэстний цэргийн ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн бие бүрэлдэхүүн 2003 оноос эхлэн үүрэг гүйцэтгэсэн бөгөөд энэ ажиллагаа 2021 онд дуусгавар болсон.

Өнгөрсөн хугацаанд Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад Монгол Улсын Зэвсэгт хүчнээс давхардсан тоогоор 7,100 орчим цэргийн алба хаагч үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн ба сүүлчийн ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн энэ оны тав болон зургаадугаар сард эх орондоо ирснийг дахин хэлье.

Афганистан улсад Монголын Зэвсэгт хүчний цэргийн багууд үүрэг гүйцэтгэснээр даян дэлхийн энх амгалангийн үйл хэрэгт өөрийн хувь нэмрийг оруулсны зэрэгцээ эртний дайчин түүх, уламжлалтай Монгол цэргийн нэр хүндийг ахин таниулж, мэргэжлийн ур чадвар, сахилга бат, зохион байгуулалтаараа бусад улсын төр, засгийн удирдлага, цэргийн мэргэжилтнүүд, цэргийн алба хаагчдад зүй ёсоор хүлээн зөвшөөрөгдөж, байнгын үлгэр дуурайл болсоор ирсэн юм” хэмээн хэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *