Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Хотын дарга болон Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч танилцууллаа.
Энэ үеэр наадмыг тэмдэглэх талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “Өнгөрсөн долоо хоногт гарсан Үндэсний их баяр наадмыг нийслэлд үзэгчгүй буюу цахимаар, хугацаанд нь тэмдэглэх шийдвэр хэвээрээ байгаа.
Харин орон нутаг, аймаг сумдын наадмыг хязгаарласан шийдвэрт зарим сайд санал гаргасан. Энэ асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд Ерөнхий сайд болон Шадар сайдын зүгээс халдварын нөхцөл байдал, өдөрт илрэх тохиолдлын тоог харж байж болно.
Хэрэв халдвар буурвал зөвхөн УОК-ын эрсдэлийн үнэлгээ хийгдсэний дараагаар долдугаар сарын 20-ноос хойш аймаг, сумдыг баяр наадмыг тэмдэглэх боломжоор хангах чиглэлийг өгсөн. Гэхдээ энэ нь долдугаар сарын 20-ноос хойш аймаг, сумдын наадам зохион байгуулагдана гэсэн үг биш. Халдварын нөхцөл байдал, эрсдэлийн үнэлгээнээс шалтгаалж, шийднэ” гэсэн мэдээллийг өглөө.