Хятад улсын судалгааны станц Ангараг гарагийн гадарга дээр амжилттай газардсан байна.
Өнгөрсөн оны долдугаар сард дэлхийгээс хөөрсөн Тянвэн-1 хөлөг 320 сая километр зам туулсны эцэст энэ оны хоёрдугаар сард Ангараг гарагийн тойрог замд орсон юм.
Өнөөдөр өглөө уг хөлөг газардагч станц, өөрөө явагч робот станцыг хамтад нь Ангараг гарагийн агаар мандалд оруулжээ.
Өнөөдрийг хүртэл зөвхөн АНУ-ын NASA-гийн илгээсэн станцууд Ангараг гараг дээр амжилттай газардаж, олон төрлийн судалгаа явуулж байгаа. 1971 онд Зөвлөлт Холбоот Улсын Марс-3 хөлөг газардаж чадсан ч 20 секундын дараа холбоо тасарч, сураггүй болсон гэдэг.
Тиймээс Хятад улсыг Ангараг гараг дээр судалгааны станц амжилттай буулгасан дэлхийн хоёр дахь улс гэхэд болно.
1976 онд АНУ-ын Viking-1 хөлөг Ангараг гараг дээр амжилттай газардсан анхны тохиолдол болж байв.
Хятадын газардагч станц Ангарагийн Utopia Planitia нэртэй бүсэд буусан бөгөөд удахгүй Zhurong нэртэй, нарны эрчим хүчээр ажилладаг, зургаан дугуйт судалгааны станцыг ажилд оруулна. Zhurong нь эртний Хятадын домогт өгүүлдэг галын бурхны нэр ажээ.
Zhurong робот станц
240 кг жинтэй Zhurong станц өөр дээрээ хос камер, радар, соронзон орон хэмжигч, цаг уурын хэмжигч зэрэг багаж хэрэгслүүдийг багтаасан юм байна.
Хятадын станц Ангарагийн хөрсөн доор орших усны нөөцийг судалж, энэ оны сүүлээр чулуулгын дээжийг дэлхийд илгээх зорилт тавьжээ.
Ангарагийн агаар мандалд орсноос эхлээд газардах хүртлэх үйл явц долоон минутын хугацаанд үргэлжилдэг. Маш хүнд хэцүү энэхүү ажиллагааг NASA ганцаараа амжилттай гүйцэтгэдэг байв. Гэсэн хэдий ч NASA-гийн мэргэжилтнүүд үүнийг “аймшигт долоон минут” гэж нэрлэдэг.
Өнөөдрийг хүртэл Ангараг дээр газардах бүх оролдлогын тал орчим нь л амжилттай болж байжээ.