Энэ зун Японы нийслэлд болох олимпын наадам гадаадын иргэдэд хаалттай зохион байгуулагдах эцсийн шийдвэр гарлаа.

Бямба гарагт Олон Улсын Олимпын Хорооны ерөнхийлөгч Томас Бах, Токио 2020 зуны олимпын наадмын зохион байгуулах хорооны дарга Сэйко Хашимото нар онлайн горимд уулзсаны дараа ийм шийдвэр гарчээ.

Нийт 600,000 орчим тасалбарыг гадаад улс орнуудын иргэд худалдаж авсныг буцаахаар болсон байна. Мөн паралимпын наадмын 300,000 орчим тасалбарыг буцаахаар болжээ.

Тасалбаруудыг буцаахад хэр их зардал гаргаж байгаа талаар зохион байгуулагчид мэдээлэл өгөөгүй байна.

2020 оны зун болох ёстой байсан олимпын наадам цар тахлын улмаас нэг жилээр хойшилж, энэ оны долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны өдрүүдэд зохион байгуулагдахаар болсон билээ.

Паралимпын наадам наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 5 хүртэл үргэлжилнэ.

Гадаадын үзэгчдийг хориглох шийдвэр нь оролцогч тамирчдын болон Япон улсын иргэдийн аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалах зорилготойг зохион байгуулагчид нь тайлбарлажээ.

Гадаадын иргэдийн зочид буудлын захиалга, нислэгийн тийз цуцлалттай холбоотой зардлыг хариуцахгүйгээ Токио 2020 наадмын зохион байгуулах хорооны гүйцэтгэх захирал Тоширо Муто өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна.

“Ийм шийдвэр гаргасандаа гүнээ харамсаж, уучлал гуйж байна. Хүн бүрийн хувьд энэ бол том гарз хохирол гэдгийг бид ойлгож байгаа. Цар тахал эхэлсэн цагаас хойш бид болзошгүй эрсдлийг сануулж байсан. Японы түншүүд, найз нөхдийн маань хувьд ийм шийдвэрт хүрэхэд хэцүү байсныг бид ойлгож байна. Олимп, Паралимпын наадмуудыг аюулгүй зохион байгуулах нь бидний хамгийн гол зорилго юм” гэж Олон Улсын Олимпын Хорооны ерөнхийлөгч Томас Бахын мэдэгдэлд өгүүлжээ.

Японы олон нийт коронавирусийн халдвар эрчимтэй тархаж буй энэ үед гадаадын зочдыг хүлээж авахын эсрэг байгаа нь олон удаагийн судалгааны дүнгээс харагдсан юм.

Гэхдээ Бямба гарагийн шийдвэр Японы дотоодын үзэгчдэд хамаарахгүй юм байна. Уралдаан тэмцээн болох газруудад байх үзэгчдийн дээд хязгаарыг ирэх сард тодорхой болгохоо зохион байгуулагчид нь мэдээлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *