Засгийн газрын аравдугаар сарын 28-ны ээлжит хуралдаанаар “Оюу толгой” компанийн ТУЗ-д Монголыг төлөөлөх хоёр гишүүнийг томилохоор дэмжсэн байна. Үүнд:

  1. “Аспайр майнинг” компанийн гүйцэтгэх захирал Зундуйсүрэнгийн Ган-Очир
  2. “J.P Morgan”-д татварын аналистаар ажиллаж байсан Э.Баясгалан нарыг томилжээ.  

З.Ган-Очир нь ШУТИС-ийг төгссөн. Канадын Break Water Resources, Монголын “Майн Инфо” компанид ажиллаж, 2005-2010 онд “Алтай гоулд”, “Хөх тэнгэр капитал партнерс” компанийн захирлаар ажиллаж байсан бөгөөд “Аспайр майнинг” компанийн гүйцэтгэх захирал гэдгээрээ танигдсан.

Харин Э.Баясгалангийн хувьд Чикагогийн их сургуулийн Бизнесийн сургуульд магистр хамгаалсан, 2008-2013 онд “South Gobi sands”-т, 2015 оноос хойш “J.P Morgan”-нд ажилласан чадварлаг залуу боловсон хүчин ажээ.  



“Оюу толгой” ХХК-д Засгийн газрыг төлөөлөх гурван гишүүнээр Г.Батсүх, Н.Багабанди, Ц.Түмэнцогт нар ажиллаж байсан бөгөөд энэ гурван гишүүнийг солихоор анх зарлаж байсан ч хоёр хүн сонгон шалгаруулахаар болж өөрчлөгдсөн юм.

Энэ удаа геологи, уул уурхай, санхүүгийн чиглэлээр мэргэшсэн хоёр хүнийг “Оюу толгой”-н ТУЗ-ийн гишүүнээр томилохоор төлөвлөсөн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Солонгоо хэлж байв. Ийнхүү 47 хүн материал ирүүлснээс дээрх хоёр гишүүн шинээр томилогдож, хуучин гишүүдээс Ерөнхийлөгч асан Н.Багабанди улиран ажиллахаар болж байна.

“Оюу Толгой” ХХК-ийн нийт гаргасан хувьцааны 34 хувийг Монгол Улсын Засгийн газар эзэмшдэг бөгөөд төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани болох “Эрдэнэс Оюу Толгой” ХХК нь төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшиж, хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлдэг. “Оюу Толгой” ХХК-ийн нийт гаргасан хувьцааны 66%-ийг “Туркойз Хилл Ресурс” шууд бусаар эзэмшдэг бөгөөд “Рио Тинто” тус компанийн гаргасан хувьцааны олонхыг эзэмшдэг.

“Оюу Толгой” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл нь есөн гишүүнээс бүрддэгээс гурван гишүүнийг Монгол Улсын Засгийн газар нэр дэвшүүлэн томилдог билээ.  

2019 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдөр Оюутолгойн гэрээг сайжруулахад чиглэсэн УИХ-ын тогтоолын төсөл батлагдсантай холбоотойгоор тус гэрээнд Монгол Улсын эрх ашгийг хангуулах үүрэг шинээр томилогдсон ТУЗ-ийн гишүүдэд ногдож байна.

“Монгол Улс Олон улсын түвшинд үнэлгээ хийлгээгүй явж ирсэн нь энэ гэрээтэй холбоотой маргаан үүсэх суурь нөхцөл болсон гэж бид үзсэн. Тиймээс ТЭЗҮ, Байгаль орчны үнэлгээ, илэрц болон металлтай холбоотой асуудлууд дээр нарийвчилсан ажлын хэсгүүд гараад явж байгаа. Шаардлагатай бол Байнгын хороо, эсвэл УИХ-ын чуулган дээр ОТ болон Эрдэнэттэй холбоотой асуудлууд юу болж байгаа талаар дэлгэрэнгүй маэдээлэл хийхэд бэлэн байгаа. 

ОТ-той холбоотой шүүх дээр явж байгаа хэргүүд байгаа. Үүнийг хөрөнгө оруулагчид ойлгоосой гэж байгаа. Өмнөх чуулган дээр хэлж байсан. Дэлгэрэнгүй мэдээлэл авч байна. Засгийн газар бүх боломжоо дайчилж, ОТ-н төсөл дээр урьд өмнө байгаагүй зохион байгуулалттайгаар ажиллаж байгаа” гэх мэдээллийн хамгийн сүүлд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өгч байв

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *