Гадаад улсын иргэдийг тусгай үүргийн нислэгээр авч ирсэнтэй холбоотойгоор гарсан шүүмжлэлийн талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг тайлбар мэдээллийг өглөө.
Тэрбээр “Хичээлийн жил эхэлж байгаатай холбоотойгоор гадаад багш нар, зарим элчин сайдын яамны ажилтан зэрэг Монгол Улсад ажилладаг олон хүн удаа дараа хүсэлт тавьж байсан. Энэ хүсэлтийн тоо 400 гарсан учраас монгол иргэдийг татан авч буй тусгай үүргийн нислэгт 5-10 гадаад иргэнийг авч ирлээ гээд асуудал бүрэн шийдэгдэхгүй байсан юм.
Тиймээс Элчин сайдын яамдаас ирсэн хүсэлтийг харгалзаад зөвхөн гадаад иргэдийг авч ирэх тусгай үүргийн нэг удаагийн нислэг хийх зөвшөөрөл авсан. Үүний дагуу Сөүл хот руу нислэг үйлдэн наймдугаар сарын 28-нд 16 улсын 100 иргэнийг авч ирээд, Ramada зочид буудалд тусгаарласан.
Энэ бол эдийн засгийг сэргээх чиглэлээр хийж байгаа алхам юм шүү. Учир нь эдгээр гадаад иргэдийн цаана маш олон байгууллага, олон иргэдийн ажлын байртай холбоотой асуудлууд байгааг олон нийт ойлгохыг хүсэж байна” хэмээв.
Коронавирусийн цар тахлын үед эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах, эдийн засгийг дэмжих ажлын хүрээнд гадаад худалдаа эдийн засгийн асуудлыг Гадаад харилцааны яам хариуцдаг билээ.