“Оюу толгой” төслийн газрын гүний нөхцөл байдал улам хүндрэлтэй болсон тул хүдрийн биетийг олборлох аргачлалаа бүхэлд нь эргэн харахаар болсонтой холбоотойгоор гүний уурхайн ашиглалтад орох хугацаа болон хөрөнгө оруулалтын зардалд өөрчлөлт орж болзошгүй болсон талаар өмнө нь мэдээлж байсан.

Тодруулбал, хүдрийн биет олборлох аргачлалд өөрчлөлт орвол хөрөнгө оруулалт 1.2-1.9 тэрбум ам.доллараар нэмэгдэх, 2022 оны тавдугаар сард эхлүүлэхээр төлөвлөж байсан гүний уурхайн зэсийн үйлдвэрлэл 2023 оны зургаадугаар сар буюу 16-30 сараар дахин хойшилж болзошгүй талаар Рио Тинто мэдэгдэж байсан билээ.Тэгвэл өчигдөр танилцуулсан “Оюу толгой” компанийн хоёрдугаар улирлын тайланд төслийн хугацаа болон зардалд өмнө мэдээлснээс өөр өөрчлөлт орохгүй болохыг дурджээ. Харин COVID-19 цар тахлын улмаас үүдэн гарах зардлын өсөлт, хуваарьт хугацааг сунгах зэрэг нь тооцоололд нөлөөлж болзошгүйг дурдсан байна.

Манай улсын хууль тогтоомжийн дагуу уул уурхайн компаниуд ТЭЗҮ-ээ таван жил тутамд тодотгох шаардлагатай. Энэ хүрээнд “Оюу толгой” компани ТЭЗҮ-ийн тодотголоо боловсруулсан бөгөөд Засгийн газрын холбогдох байгууллагаар хэлэлцүүлж хүлээлгэж өгөх тухай бичсэн байна. 

Оюутолгойн ил уурхайн үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилж байгаа бөгөөд цар тахлаас үүдэлтэй Хятад дахь хязгаарлалтууд буурч, хилийн нэвтрүүлэх чадвар сайжирсантай холбоотойгоор хоёрдугаар улиралд борлуулалт нь сэргэжээ. 

2020 оны эхний хагас жилд тус компани татвар, төлбөр, хураамж хэлбэрээр 134 сая ам.долларыг Монгол Улсын төсөвт төвлөрүүлсэн бол 2010 оноос хойш 2.7 тэрбум ам.долларыг дээрх хэлбэрүүдээр төлжээ. Оны эхний хагаст нийт 615 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 417 нь үндэсний ханган нийлүүлэгчид байсан бөгөөд үйл ажиллагааны худалдан авалтынхаа 72 хувийг тэдгээр үндэсний ханган нийлүүлэгчдэд зарцуулсан талаар тайланд дурдсан байна. 

Үйлдвэрлэлийн мэдээ:

  •  36,495 тонн баяжмал дахь зэс үйлдвэрлэсэн нь 2019 оны хоёрдугаар улиралтай харьцуулахад долоон хувиар буурсан. Үүнд тээрэмд хийсэн хуваарьт засварын ажил голлон нөлөөлжээ. 
  •  Хүдрийн агуулга буурсан, төдийгүй тээрэмдсэн хүдрийн хэмжээ бага байснаас үүдэн 31,150 унц баяжмал дахь алт үйлдвэрлэсэн нь өмнөх оны хоёрдугаар улиралтай харьцуулахад 57 хувиар буурсан байна. 
  •  Уурхайн хөгжүүлэлт, үйлдвэрлэлийн үе шатуудад ангилан хуваах ажлыг амжилттай ахиулан ажилласан тул 2021 оны эхний хагаст хүрэхээр төлөвлөж байсан зэс, алтны өндөр агуулгатай хэсэг рүү энэ оны хоёрдугаар хагаст шилжин орохоор байна. 
  •  Баяжмал дахь зэс үйлдвэрлэлийн 2020 оны төлөвлөгөө буюу 140,000 – 170,000 тонн үйлдвэрлэх зорилтоо биелүүлэхээр ажиллаж байгаа бол алтны үйлдвэрлэлийн төлөвөө 120,000 – 150,000 унцаас 155,000 – 180,000 унц болгон өсгөсөн. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *