-Өдөр бүр өөрийнхөө хамгийн сайн хувилбар бай-
“Mamba mentality: How I play” бол ахлах сургуулиас Үндэсний сагсан бөмбөгийн холбооны тоглогч, тоглогчоос домог болох хүртэл ямар замналаар явсан тухай Коби Брайантын түүх юм.
2018 онд уншигчдын гарт хүрсэн уг номыг iKon.mn сайт, UNLOCK подкаст хамтран хүргэдэг Номын тэмдэглэлийн ээлжит дугаартаа онцолж байна.
“MAMBA MENTALITY: HOW I PLAY” НОМЫГ СОНСОХ:
“Чи муу тоглогч байсан ч гэсэн би чамд хайртай хэвээрээ байх болно”
Коби Бийн Брайант /Kobe Bean Bryant/ 1978 онд төрсөн.
Аав нь NBA-н тоглогч байсан тул багаасаа л сагсан бөмбөгт сонирхолтой байжээ. Коби Брайантыг гурван настайгаасаа эхлэн сагсан бөмбөг нөхөрлөсөн гэж үздэг.
Түүнийг бага байхад аав нь Италид тоглох болсноор гэр бүлээрээ нүүж, 13 настай байхад нь АНУ-д эргэн иржээ.
Өсвөр насандаа Коби сайн тоглодоггүй байв. Нэг удаагийн тоглолт дээр ямар ч оноо аваагүйдээ сэтгэлээр унаж, аавтайгаа цаашид яах талаараа ярилцахад аав нь “Чи муу тоглогч байсан ч гэсэн би чамд хайртай хэвээрээ байх болно” гэжээ.
Аавынхаа үгэнд урамшиж, бэлтгэлдээ бүх анхаарлаа төвлөрүүлж, хичээнгүйлэн хөдөлмөрлөх болжээ.
Үр дүнд нь ахлах сургуульд орохдоо хамгийн сайн тоглогчдын нэг болж, Үндэсний сагсан бөмбөгийн холбоо болон томоохон их сургуулиас ч урилга авав.
1996 онд ахлах сургуулиа төгсөхдөө их сургууль эсвэл NBA хэмээх хоёр сонголттой тулгарч, NBA-г сонгосноор ахлах сургуулиасаа Үндэсний сагсан бөмбөгийн холбооны тамирчин болжээ. Ингэснээр тэрбээр NBA-н хамгийн залуу тоглогч хэмээх тодотголыг зүүв.
Нас залуу ч чадвартай, хүчтэй тоглогч байснаар дасгалжуулагч Фил Жексон, Шакил О’Нил зэрэг багийнхныхаа хамтаар гурван он дарааллан NBA-д аваргалжээ.
Дасгалжуулагч Фил Жексон багаа орхиж, Шакил О’Нил өөр багт шилжсэнээр “Los Angeles Lakers” багийн амжилт эрс буурсан байна. Харин 2005 онд дасгалжуулагч Фил Жексон Лейкэрст эргэн ирснээр амжилт сайжирчээ.
Би анхнаасаа л хамгийн шилдэг байхыг хүсдэг байсан
“Тоглолтдоо анхаарлаа хандуулан 100 хувь орсноор ямар ч айдасгүй болдог байв. Би анхнаасаа л хамгийн шилдэг байхыг хүсдэг байсан. Дотроос минь ундран гарах тэр их хүсэл эрмэлзэл хэзээд оршиж, өдөр бүр сайжрахын төлөө бусдаас илүү хөдөлмөрлөхөд бэлэн байв. Шилдгийн шилдэг болохын төлөөх хүсэлдээ заавал хүрнэ гэх хатуу баримтлалтай байсан” гэж Коби Брайант бичжээ.
Тэрээр өдөрт 05:00-07:00, 11:00-14:00, 18:00-20:00 цагуудад бялдаржуулах төвд дасгал хийдэг байв.
Эрт эхэлснээрээ бусдаас илүү их хөдөлмөрлөх боломжтой болно гэж тэрээр боддог байжээ. Мөн тоглолтын бичлэгээ маш их үзэн алдаагаа ажиглаж, хэрхэн сайжруулахаа бодохын зэрэгцээ бусад өрсөлдөгчөө судалдаг байжээ.
Коби Брайантад биеэ бэлдэхээс гадна сэтгэл зүйгээ бэлдэх, тоглолтдоо бүрэн төвлөрөх нь маш чухал байв. Хаана, ямар зааланд тоглохдоо хэрхэн анхаарлаа төвлөрүүлэхээ ч тунгаадаг байжээ. Мэдэхгүй орчинд анхаарлаа төвлөрүүлэхэд төвөгтэй байдаг тул бүх зүйлийг ажиглан, тооцоолдог байснаа номдоо дурджээ.
Мөн аливаа зүйлд агуу байхыг хүсэж байвал түүндээ “донтож”, уусан шингэх хэрэгтэйг тодотгожээ.
Би бэлтгэл хийх цаг, гэр бүлдээ зарцуулах цагийн аль алийг нь золиослохыг хүсэхгүй байсан учир унтах нойроо золиосолсон.
Аливаад уусан шингэхийн тулд олон сонголттой тулж, их зүйлийг золиослох шаардлагатай болдог. Харин Коби Брайант энэ тухайд “Би бэлтгэл хийх цаг, гэр бүлдээ зарцуулах цагийн аль алийг нь золиослохыг хүсэхгүй байсан учир унтах нойроо золиосолсон” гэжээ.
Тэрээр дасгалжуулагчаасаа, од тоглогчтой хамт тоглох үедээ, багийнхнаасаа гээд бүгдээс асууж, суралцаж, хэнээс ч илүү хөдөлмөрлөхөд үргэлж бэлэн байдаг хэмээн номдоо өгүүлсэн нь бий.
Өдөр бүр сайжрахын тулд хөдөлмөрлөх, алдаагаа яаж засахдаа гол анхаарлаа төвлөрүүлж, чин сэтгэлээсээ ханддаг байсан нь түүнийг дэлхийн хэмжээний од болоход тусалжээ.
Коби Брайантын үлгэр дуурайлал авдаг алдартнуудын нэг нь Мохамед Али бөгөөд түүнээс олон зүйлийг суралцсан хэмээн номдоо дурссан байна. Үүнээс онцолбол “Амжилтад хүрэхийн тулд маш их хөдөлмөр шаарддаг. Эргэн тойронд чинь байгаа хүмүүс зөвхөн чиний амжилтыг тэмдэглэдэг. Гэхдээ амжилтын ард хөдөлмөр, хөлс урсаж байдгийг тэд хардаггүй. Хэрэв чи хөдөлмөрлөхөө боливол эргэн тойрны хүмүүс чинь ч уусан алга болно”.Mamba mentality бол зорьсон цэгтээ хүрэх аялал хэмээн Брайант тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл, амжилтад хүрэхийн тулд ямар процессоор явах нь хамгийн чухал.
Миний сурсан зүйлс
1996 онд мэргэжлийн сагсан бөмбөгийн лигт ороод удаагүй байхдаа Майкл Жордантай хамт тоглосон тоглолтынхоо талаар энэ бүлэгт эхлэн дурсдаг.
Тоглолтынхоо зургийг харахдаа Майкл Жордан бөмбөгөө бариад тэнцвэртэй цэх зогссон байхад Коби түүнтэй нэлээд ойрхон, налуу зогсож, нэг гараа түшээд зогсож байсныг анзааржээ.
Хэрэв Майкл Жордан нэг тийш хуурч, гүйсэн бол өөрийгөө тэнцвэрээ алдан унах, эсвэл Жорданы араас гүйцэж хамгаалахад бэрхшээлтэй байх байжээ. Үүнээс тэрбээр зогсолтдоо анхаарах ёстойг ойлгосон байна.
Коби Брайант бага залуугаасаа сайн тоглогч байсан тул хүмүүс ихээхэн итгэл найдвар хүлээлгэдэг байжээ. Харин өдөр бүр хөдөлмөрлөж, хөдөлмөр нь түүнд хэзээ нэгэн цагт амжилт авчрахыг мэддэг байсан тул хүмүүсийн хүлээлтээс айдаггүй байсан аж.
Өөрөө өөртөө тавьж буй шаардлага нь хүмүүсийн хүлээлтээс хавь илүү байсныг номдоо дурссан байна.
Цагираган дээрээс довтлох нь тоглолтын уур амьсгалыг өөрчилдөг
Коби Брайант багийнхаа шилдэг тоглогч, удирдан чиглүүлэгч байв. Өнжсөн тоглолтод нь багийнхан амжилт тааруу байдаг тул тэрээр бүх тоглолтод оролцохыг хичээдэг байжээ. Гэмтэл бэртэлтэй байсан ч чухал тоглолтуудад оролцдог байлаа.
Түүний хувьд цагираган дээрээс довтлох нь оноо авах оновчтой арга биш байв. Эсрэг багийнхаа тоглогчидтой шүргэлцэх, түлхэлцэх зэргээр гэмтэх магадлал өндөртэй. Гэвч заавал тохолт хийдэг байсан нь өрсөлдөгч багтаа өөрийн багийг илүү гэж харуулах, багтаа итгэл төрүүлэх чухал зүйл аж. Мөн тохолт нь тоглолтын уур амьсгалыг ч өөрчилдөг байжээ.
Өдөрт бэлтгэл дээрээ 1,000 удаа зайнаас шиддэг байсан тул түүнд гурван онооны шидэлт хийх нь сандрах зүйл биш байсан юм.
Дээр дурдсанчлан зогсолтдоо их анхаарч, хэрхэн зогсох, хамгаалахдаа эсрэг багийн тоглогчийн хаана хөлөө тавих зэргээр бүхнийг тооцоолдог байснаа онцолжээ.
Ихэнх тоглогчийн дутагдал нь зүүн гараа сайн ашиглаж чаддагүй бол Коби хоёр гараа яг адил хэмжээнд ашиглаж чаддаг байжээ. Багаасаа л бүх зүйлийг төгс байлгахыг эрмэлздэг байсан тул зүүн гараа сайн ашиглаж сурахын тулд шүдээ зүүн гараараа угаах зэргээр өөрийгөө дасгалжуулж байв.
Шагайгаа гэмтээснээсээ хойш хэрхэн хурдан хэвэндээ орох талаар ихээхэн судалж, товчлуур бүжгээр хичээллэх нь сайнаар нөлөөлөхийг мэдэж авснаар дасгалжуулагч авч хичээллэжээ. Хожим энэ талаараа “Би сагсан бөмбөг сайн тоглохын тулд бүхнийг хийхэд бэлэн байсан” хэмээжээ.
Коби Брайант 2013 онд шагайны шөрмөсөө тасалсан байна. Хэдийгээр гэмтлээ эдгээж, дахин тоглосон ч эргэн сэдэрч, гэмтэл бэртэл нэмэгдсээр байсан тул 2016 онд зодог тайлжээ.
Зодог тайлсныхаа дараагаас охиныхоо сургуулийн сагсан бөмбөгийн багийг дасгалжуулж байв. 2018 онд Dear Basketball хэмээх богино хэмжээний хүүхэлдэйн киногоороо Оскарын шагнал авсан юм.
Тэрээр 2020 оны нэгдүгээр сарын 23-нд нисдэг тэргээр зорчиж яваад осолдож, хорвоог орхисон билээ.
КОБИ БРАЙАНТЫН АМЖИЛТУУД:
- 18 наснаасаа эхлэн NBA-д тоглохдоо нийт 33,643 оноо авсан. Энэ үзүүлэлтээрээ NBA-д өндөр оноо авсан тоглогчийн дөрөвдүгээрт бичигджээ.
- Нэг багт хамгийн удаан тоглосон тамирчдын нэг.
- NBA-н таван удаагийн аварга.
- Өмсгөлийн дугаар 8, 24.
- Олимпын хоёр удаагийн аварга.
- “Slam Dunk” тэмцээнд түрүүлсэн хамгийн залуу тоглогч.
- 2006 онд нэг тоглолтод 81 оноо авснаар түүхэнд нэг тоглолтод хамгийн өндөр оноо авсан хоёр дахь тоглогч болж бичигджээ. Өөрийнх нь карьерын хамгийн өндөр оноо авсан тоглолт болсон.