АНУ-ын биотехнологийн “Sorrento Therapeutics” компанийн эрдэмтэд баасан гаригт “COVID-19”-ийн халдварыг 100 хувь дарангуйлах чадвартай “STI-1499” гэх эсрэг бие илрүүлснээ зарлалаа. 

Эрдэмтэд олон тэрбум эсрэг биетүүдэд дүн шинжилгээ хийсний эцэст коронавирусийн халдварын эсрэг үр нөлөөтэй хэдэн зуун эсрэг биеийг олж тогтоосон аж. Үүний дараа эрдэмтэд хамгийн өндөр үр дүнтэй эсрэг биетүүдийг тодорхойлохоор ажиллах явцдаа хүний эсийг “COVID-19”-ийн халдвараас 100 хувь хамгаалах чадвартай “STI-1499” гэх эсрэг биеийг илрүүлсэн байна. Энэхүү антибоди нь вирусийн гадаргууг бүчиж дөрвөн өдрийн дотор устгадаг болохыг судалгаагаар тогтоожээ.

Биотехнологийн “Sorrento Therapeutics” компанийг үүсгэн байгуулагч, доктор Хенри Жи “STI-1499” эсрэг биеийг коронавирусийн эсрэг өндөр үр дүнтэй эмчилгээ болж чадна гэдэгт итгэлтэй байгаа гэсэн байна. Гэсэн ч судалгааг зөвхөн лабораторийн төвшинд хийсэн бөгөөд компани энэхүү антибодиг эмчилгээнд турших зөвшөөрлөө аваагүй байгаа юм. Тэрээр “Энэхүү нээлтийг эмчилгээнд хэрэглэснээр дэлхийн бүх улсууд хөл хориогоо зогсоох боломжтой болно. Хэрэв бид энэхүү антибодиг хүнд амжилттай туршиж чадвал хүмүүс тусгаарлагдах шаардлагагүй болно” гэжээ.

Мөн ОХУ-ын Холбооны биоанагаахын агентлагийн тэргүүн Вероника Скворцова өнгөрөгч баасан гаригт тус улсын эрдэмтэд малариа өвчний эсрэг “Mefloquine” эм нь “COVID-19”-ийг 48 цагийн дотор дарангуйлах чадвартай болохыг клиникийн өмнөх туршилтаар тогтоосон болохыг мэдэгдсэн. Доктор Вероника Скворцовагийн хэлснээр маш бага тунгаар хэрэглэх боломжтой уг эмийг “COVID-19”-ийн эмчилгээнд болон урьдчилан сэргийлэх зорилгоор давхар ашиглах боломжтой аж.

Коронавирусийн эсрэг одоогоор нэг ч вакцин амжилттай гарган авч чадаагүй байгаа энэ үед АНУ болон ОХУ-ын эрдэмтдийн хийсэн энэхүү нээлт нь “COVID-19” цар тахлыг ялах том итгэлийг хүн төрөлхтөнд өгөөд байгаа талаар мэргэжилтнүүд онцолжээ.

Эх сурвалж: sorrentotherapeutics.com, njfmba.org

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *