МАН-д хагарал байхгүй, эв нэгдэлтэй байгаа бөгөөд бие дааж, шантааж хийж байгаа гишүүн байхгүй гэдгийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээллээ.
МАН энэ сарын 16 эсвэл 18-нд хурлаа хийж, нэр дэвшигчдээ тодруулах бөгөөд намын даргын хэлсэнчлэн шалгуур хангасан нэр дэвшигчдийн нэрсийг гаргах юм байна.
МАН-ын дарга У.Хүрэлсүх сонгуульд оролцох хүсэлт өгөх үеэрээ “Монгол Улсын парламент бол манай ард түмний төлөөлөл болсон газар. Сор болсон сэхээтнүүд суугаасай гэж бодож байна.
Бүх салбарын төлөөлөл байгаасай гэж дотроо боддог. Биеийн тамир, спорт, соёл, боловсрол, цэрэг арми, хүчний байгууллага, бизнесийн салбар зэрэг. Ингэснээр парламентаас зөв бодлого гарна. Мөн залуу, дунд үе, ахмад үеийн төлөөлөл байгаасай гэж боддог. Энэ бол ард түмний төлөөлөл. Парламент гэдэг маш товчоор ард түмний хураангуй. Тиймээс хураангуй дотор шилдэг хүмүүс ороосой. Ууган намын даргын хувьд сонгуульд би өөрийнхөө багийг авч орно” хэмээж байсан юм.