Коронавирусийн эсрэг вакциныг 2021 оноос өмнө гаргаж авна гэдэгт итгэж байна хэмээн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп мэдээлжээ.
Тэрбээр “Бид энэ жилийн сүүл гэхэд вакцин гаргаж чадна гэдэгт итгэлтэй байна” хэмээн “Fox News”-д өгсөн ярилцлагадаа хэлсэн байна. АНУ-ын ерөнхийлөгч эрүүл мэндийн зөвлөхүүдээсээ ч урьтаж ийм таамаглалыг дэвшүүлээд буй. “Эмч нар намайг ингэж хэлэх хэрэггүй гэж дүгнэнэ. Гэхдээ би юу бодсоноо илэрхийлнэ” хэмээн ярьжээ.
Эдийн засгийн хувьд үсрэнгүй хөгжилтэй дэлхийн 35 оронд коронавирусийн эсрэг вакциныг гарган авахаар туршилт судалгааны ажил хийгдэж байна. Түүнчлэн Европын холбоо, АНУ, Австрали, БНХАУ, Япон болон ОХУ-ын эрдэмтдээс бүрдсэн баг энэ ажлын хүрээнд хамтарсан судалгаа хийж буй.
АНУ-д өнөөдрийн байдлаар /2020.05.04/ коронавирусийн халдвартай хүний тоо 1,188,122 болж, 68,598 хүн нас бараад байна.