Хувцас угааж, хатаахад тусалдаг лабрадор нохойноос эхлээд 804 үлэг гүрвэлийн дүрийг нэг дор цуглуулсан үзүүлбэр, Рубикийн шоог 10 секунд хүрэхгүй хугацаанд эвлүүлдэг робот гээд 2026 онд дэлхийн дээд амжилтын жагсаалтад олон сонирхолтой, хачирхалтай амжилт бүртгэгджээ. Өнгөрсөн ч гэсэн жил бүрийн арваннэгдүгээр сарын 19-нд тэмдэглэдэг “Гиннесийн дэлхийн дээд амжилтын өдөр”-ийг тохиолдуулан энэ оны онцлох 10 амжилтыг онцолж байна.

Анх 2004 онд тэмдэглэж эхэлсэн уг өдөр нь хүний чадвар, бүтээлч сэтгэлгээний хязгаарыг сорьж, боломжгүй мэт санагдах зүйлсийг бодит амжилт болгон харуулсан хүмүүсийг алдаршуулах зорилготой юм.

Нохой хувцасны хавчаараар хувцас өлгөж, дээд амжилт тогтоов

Лабрадор үүлдрийн Жава нэртэй нохой хувцас хатаадаг олсонд хувцасны хавчаар хавчиж чаддагаараа дэлхийн дээд амжилт тогтоожээ. Миссури мужийн Канзаз-Сити хотод болсон арга хэмжээний үеэр Жава ердөө нэг минутын дотор найман хавчаарыг олсонд тогтоосон байна. Ингэхдээ хавчаар бүрийг амаараа нээж, олсонд зөв байрлуулан, унагаалгүй суллаж чадаж байв.

Жавагийн эзэн Лиза Рикардс олон жилийн турш нохой сургаж дадлагажуулсан туршлагатай аж. Сонирхолтой нь, Жавагийн эх болон эмэг эх нь ч мөн туслах нохой болох сургалтад хамрагдаж байжээ.

Нэг цагийн дотор 5,956 хос оймсыг угаалгын машинд оруулав

Английн хөлбөмбөгийн “Чорли” клуб болон цахилгаан барааны “Currys” компани хамтран нэгэн өвөрмөц дээд амжилт тогтоосон байна. Тэд долдугаар сарын 19-нд хөлбөмбөгийн талбайд 21 угаалгын машин эгнүүлэн байрлуулж, оролцогчдоор хуйлсан оймсыг өшиглөж машинд оруулах тэмцээн зохион байгуулжээ.

Улмаар нэг цагийн дотор нийт 5,956 хос оймсыг угаалгын машинд оруулж, Гиннесийн дэлхийн дээд амжилтын эзэд болсон байна.

Энэхүү сонирхолтой тэмцээн нь Дауны синдромтой хүмүүс болон тэдний гэр бүлд тусалдаг орон нутгийн буяны байгууллагад хандив цуглуулах зорилготой байжээ.

Хоёр савхаар 20 шоог 24 секундэд өржээ

Лау Лон Тин наймдугаар сарын 12-нд хоёр гартаа зэрэг савх барин, тус бүр 10 шоотой хоёр цамхагийг ердөө 24.52 секундэд өрж, дэлхийн дээд амжилт тогтоожээ. 30 орчим настай багш тэрбээр энэхүү амжилтаараа тэвчээр, бүтээлч сэтгэлгээ, хүсэл тэмүүлэл байхад энгийн мэт зүйлээр ч гайхалтай үр дүнд хүрч болдгийг шавь нартаа харуулахыг зорьсон байна.

Гар дээрээ 75 минут зогссон тамирчин

Ихэнх хүн гар дээрээ хэдхэн секунд тогтож чаддаг бол Колумбын тамирчин Нестор Сантьяго Гонзалес Валеро энэ байрлалаа нэг цаг гаруй хугацаанд хадгалж, дэлхийн дээд амжилт тогтоожээ. Тэрбээр наймдугаар сарын 2-нд Богота хотод болсон арга хэмжээний үеэр гар дээрээ нэг цаг 15 минут 13 секунд зогссон байна.

Энэ хугацаанд тэнцвэрээ хадгалахын тулд зарим үед биеийн жингээ нэг гартаа шилжүүлж байжээ. Түүний амжилт өмнөх дээд амжилтыг таван минут 10 секундээр ахиулсан байна.

АНУ-ын нэгэн хотод 804 хүн үлэг гүрвэлийн хувцастай цугларчээ

АНУ-ын Юта мужийн Вернал хотод наймдугаар сарын 28-нд үлэг гүрвэлийн хувцас өмссөн 804 хүн цугларч, дэлхийн дээд амжилт тогтоожээ. Оролцогчид Тираннозавр батаар, Трицератопс зэрэг төрөл бүрийн үлэг гүрвэлийн дүрд хувирсан байна. Тус хотын оршин суугчид 2025 онд мөн ийм амжилт тогтоохоор оролдсон ч оролцогчдын тоо хүрэлцээгүй тул бүтэлгүйтжээ. Харин энэ удаа илүү олон хүн нэгдсэнээр зорилгодоо хүрсэн байна.

Энэхүү арга хэмжээ нь зөвхөн дээд амжилт тогтоох зорилготой байсангүй. Нийт 804 хүн нэгэн зэрэг үлэг гүрвэлийн архирах чимээ гаргаж, хорт хавдартай тэмцэж буй хүмүүсийг дэмжихээ илэрхийлжээ.

11 мянган хулуугаар байгаль судлаач Дэвид Аттенборогийн хөргийг бүтээв

Их Британийн нэгэн гэр бүл дэлхийд алдартай байгаль судлаач Дэвид Аттенборогийн 100 насны ойг тохиолдуулан 11 мянган хулуу, хулуу төрлийн ногоогоор түүний хөргийг бүтээжээ. Хэмпшир дэх “Sunnyfields” фермд Нельсоны гэр бүл байгаль судлаачийн хөргийг мэлхийн дүрстэй хамт урласан байна. Тэд төрөл бүрийн хулууны байгалийн өнгө, ялгарлыг ашиглан асар томоор дүрийг нь бүтээжээ.

Уг бүтээл нийт 218.19 ам метр талбайг хамарсан бөгөөд есдүгээр сарын 22-нд Гиннесийн дэлхийн дээд амжилтад бүртгэгдсэн байна. Энэ нь Нельсоны гэр бүлийн анхны том хэмжээний ногоогоор бүтээсэн хөрөг биш аж. Тэд өмнө нь рок хөгжмийн домог Оззи Осборны хөргийг хулуугаар урлаж байжээ.

Малын эмч нэг минутын дотор 48 ширхэг желли чихэр идэж, дээд амжилт тогтоов

АНУ-ын малын эмч, 38 настай Мэттью Пауэрс хүүхэд насны мөрөөдлөө биелүүлж, нэг минутын дотор 48 ширхэг баавгай хэлбэртэй желли буюу резинэн чихэр идсэнээр Гиннесийн дэлхийн дээд амжилтын эзэн болжээ. Тэрбээр дөрөвдүгээр сарын 4-нд Массачусетс мужийн Норвелл хотод зөвхөн коктейлийн зориулалттай жижиг савх ашиглан чихрүүдийг идсэн байна. Ингэснээр Австрийн Вольфганг Шварцын 2024 онд тогтоосон өмнөх амжилтыг 10 чихрээр ахиулжээ.

Пауэрс тэмцээнд бэлдэхийн тулд төрөл бүрийн брэнд, амттай чихэр туршиж, аль нь хурдан идэхэд тохиромжтойг судалсан байна. Эцэст нь “Albanese” брэндийн чихрийг сонгожээ. Сонирхолтой нь, бэлтгэлийн үеэр түүний хамгийн сайн үзүүлэлт 36 чихэр байсан бол тэмцээний өдөр 48-ыг идэж чадсан байна. Тэрбээр багаасаа Гиннесийн дээд амжилтын номд нэрээ бичүүлэхийг мөрөөддөг байсан бөгөөд гурван хүү нь амжилтыг нь хамгийн түрүүнд тэмдэглэн баяр хүргэжээ.

1.4 тонн гаруй жинтэй “Halloween”-ий хулуу

АНУ-ын Массачусетс мужийн Салем хотод “Halloween”-ий баярт зориулан аварга том хулууг сийлж, дэнлүү болгон хувиргажээ. Сонирхолтой нь, сийлж хэлбэр оруулсны дараа ч уг хулуу 1,431.5 килограмм жинтэй байсан нь дэлхийн дээд амжилт болжээ. Уг хулууг Рөүд-Айленд мужийн тариалагч Рон Уоллес ургуулсан бөгөөд өмнө нь энэ төрлийн дээд амжилт тогтоож байсан Трэвис Жингерээр ахлуулсан гурван хүн хулууг сийлж, “Halloween”-ий аварга дэнлүү болгосон байна.

Аравдугаар сарын 27-нд жинг нь албан ёсоор хэмжиж, 1,431.5 килограмм болохыг баталгаажуулжээ. Энэхүү амжилтыг “Raising Cane’s” сүлжээ рестораны үүсгэн байгуулагч Тодд Грейвсийн нэр дээр бүртгэсэн байна.

Казахстан улс 2,415 хүнийг нэгтгэсэн хиймэл оюуны тэмцээн зохион байгуулав

Энэ онд дэлхийн дээд амжилтын эзэд хулуу, үлэг гүрвэл, чихрээр өрсөлдөж байхад Казахстан улс хиймэл оюуны салбарт шинэ амжилт тогтоожээ. Есдүгээр сарын 23-нд тус улсын нийслэл Астана хотод болсон “HackAlem AI” тэмцээнд 21 орны 129 их, дээд сургуулийн нийт 2,415 оролцогч нэгджээ.

Тэд бие даан даалгавар гүйцэтгэж, тодорхой хэмжээнд өөрөө шийдвэр гаргах чадвартай хиймэл оюуны агент бүтээхээр өрсөлдсөн байна.

Ингэснээр уг тэмцээн хамгийн олон оролцогчтой хиймэл оюуны агент хөгжүүлэх хакатон болж, 2025 оны арванхоёрдугаар сард Энэтхэгийн Хайдарабад хотод тогтоосон 2,089 оролцогчийн өмнөх амжилтыг эвджээ.

Робот рубикийн шоог 9.8 секундэд эвлүүлэв

Шинэ Зеландын дөрвөн инженер бүтэн жилийн турш ажилласны эцэст 4×4×4 хэмжээтэй рубикийн шоог ердөө 9.8 секундэд эвлүүлдэг робот бүтээжээ. Хейден Уотсон, Йохан Торрес, Макс Камерон, Калеб Эверитт нарын зохион бүтээсэн робот нь шооны өнгийг таних дөрвөн камертай бөгөөд шооны давхаргуудыг эргүүлэх өндөр хурдны дроны хөдөлгүүрээр тоноглогдсон байна.

Шинэ Зеландын Крайстчерч хотод аравдугаар сарын 16-нд болсон туршилтаар уг робот шоог 9.8 секундэд эвлүүлж, багийнхандаа Гиннесийн дэлхийн дээд амжилт авчирчээ.

ЭХ СУРВАЛЖ: KAZINFORM

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *