Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2024.07.07/ хуралдаанаар Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга хууль зүйн өндөр мэргэшилтэй, төрийн албаны удирдах ажлын туршлагатай байх бөгөөд түүнийг Улсын Их Хурлын даргын санал болгосноор Улсын Их Хурал томилж, чөлөөлнө” гэж заасны дагуу Ерөнхий нарийн бичгийн даргаар Барсүрэнгийн Баасандоржийг томилуулахаар санал оруулж буйгаа Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан танилцуулсан юм.

Тэрбээр, Барсүрэнгийн Баасандорж нь 1979 онд Улаанбаатар хотод төрсөн, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг.

Б.Баасандорж нь 1987-1997 онд нийслэлийн 5 дугаар дунд сургуулийг, 1997-2001 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 2009-2011 онд АНУ-ын Калифорнийн Олон улсын их сургуулийг Бизнесийн удирдлагын мастерын зэрэгтэйгээр тус тус төгссөн.

2001-2002 онд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах, 2002–2006 онд Улсын Их Хурлын Тамгын газарт Хуулийн хэлтсийн шинжээч, 2006-2008 онд Хууль зүйн байнгын хорооны референт, 2008-2009 онд Хууль зүйн байнгын хорооны зөвлөх, 2011-2013 онд Хууль зүйн байнгын хорооны Ажлын албаны Ахлах зөвлөх, 2013-2015 онд Хууль зүйн яамны Хууль зүйн нэгдсэн бодлогын газрын дарга, 2015-2018 онд Улсын Их Хурлын Тамгын газарт Хууль зүйн байнгын хорооны Ажлын албаны ахлах зөвлөх, 2018-2020 онд Улсын бүртгэлийн Ерөнхий газрын дарга, 2020-2022 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2022-2023 онд Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын дарга, 2023 оноос одоог хүртэл Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга бөгөөд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргаар ажиллаж байна.

Б.Баасандорж нь төрийн албанд 23 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд хуулийн төсөл боловсруулах, хэлэлцүүлж, батлуулах чиглэлээр 16 жил, хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр 5 жил, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих чиглэлээр 2 жил, үүнээс төрийн албаны удирдах албан тушаалд 15 жил тус тус ажилласан.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасан хууль зүйн өндөр мэргэшилтэй, төрийн албаны удирдах ажлын туршлагатай байх шаардлагыг бүрэн хангаж байгаа нэр дэвшигч болно.

Төрийн албанд гүйцэтгэх албан тушаалаас удирдах албан тушаал хүртэл шатлан дэвшиж ажилласан, хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагад ажиллаж байсан туршлагатай. Хүний эрхийн салбар, нийтийн мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийг хангах, шүүхийн шинэтгэл, улсын бүртгэлийн шинэтгэлийн зэрэг хууль тогтоомжийн төслүүдийг боловсруулж, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн батлуулж байсан.

Тухайлбал,  Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан 126 гишүүнтэй парламент, хувь тэнцүүлсэн болон олонхын сонгуулийн тогтолцооны өөрчлөлтийн төслийг боловсруулах болон иргэд, олон нийтээр хэлэлцүүлэх Засгийн газрын Дэд ажлын хэсгийг ахалж ажилласан.  

Мөн төрийн захиргааны үйл ажиллагаа, төрийн үйлчилгээнд процесс суурьтай, оновчтой, үр дүнтэй засаглалыг бэхжүүлэх зорилгоор гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагуудын хүрээнд процессын дахин инженерчлэлийг эхлүүлж,  нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбар, эрүүл мэндийн салбарын өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, ирээдүйн загварыг гаргах ажлыг амжилттай хэрэгжүүлж ажилласан.

Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 47.2 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргаар Барсүрэнгийн Баасандоржийг томилуулах саналыг Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулж байна гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Б.Баасандоржийг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилохыг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *