Японы умард бүсийн уулархаг нутагт оршдог Юмото дунд сургууль өнгөрсөн Баасан гарагт сүүлчийн хоёр төгсөгчөө үдэж гаргасан байна.

76 жилийн түүхтэй тус сургууль энэ төгсөлтийн дараа хаагдаж байгаа ажээ.

Эйта Сато, Аой Хоши нар сургуулийнхаа сүүлчийн төгсөгчид болсон юм.

“Бид хоёрдугаар ангид байхдаа сургууль хаагдах тухай яриаг сонсож эхэлсэн. Гэхдээ энэ яриаг бодитой болно гэж төсөөлж байсангүй. Үнэхээр цочирдож байна” гэж 15 настай Эйта ярьжээ.

Япон улсын хүн ам хөгширч, хүүхдийн төрөлт буурснаас орон нутгийн сургуулиуд хаагдах явдал түгээмэл болсон байна.

Ганц Японд ч биш, хөрш Хятад, Өмнөд Солонгос улсуудад хүн ам зүйн хямрал нийгэм, эдийн засгийн ноцтой асуудал болоод байгаа.

Энэ санхүүгийн жилээс эхлэн хүн амаа залуужуулах “цоо шинэ арга хэмжээнүүд” авч хэрэгжүүлэхээ Япон улсын ерөнхий сайд Фүмио Кишида саяхан амлаж байв.

2022 онд Япон даяар мэндэлсэн хүүхдийн тоо 800,000 хүрэхгүй хэмжээнд хүрсэн нь түүхэн доод үзүүлэлт болсон юм.

Засгийн газрын тоо баримтаас үзвэл сүүлийн үед жил бүр орон нутгийн 450 орчим сургууль хаагддаг болжээ.

2002-оос 2020 оны хооронд 9,000 орчим сургууль хаалгаа барьсан байна.

Өнгөрсөн долоо хоногт хаагдсан Юмото дунд сургууль нь Фүкүшима мужийн 5,000 хүрэхгүй оршин суугчтай Тэн-эй тосгонд байдаг.

Тосгоны оршин суугчдын 10 хүрэхгүй хувь нь 18 хүртэл насныхан юм. Уг тосгон оргил үедээ буюу 1950-аад оны үед 10,000 гаруй оршин суугчтай байжээ.

Тэр үеэс хойш тоо нь буурсаар 2011 оны Фүкүшимагийн атомын цахилгаан станцын ослын дараа улам эрчимжсэн байна.

Тэн-эй тосгон ослын төв цэгээс 100 хүрэхгүй километрийн зайтай оршдог. Тосгоны дунд сургууль 1960-аад оны үед 50 орчим сурагч төгсгөж байжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *