Умард Африкийн Тунис улс өнгөрсөн шөнөөс иргэдийнхээ цэвэр усны хангамжийг тасалж эхэлжээ.

Энэ нь тус улсад нүүрлээд байгаа ган гачигтай холбоотой шийдвэр юм.

Өмнө нь ундны усыг тариалангийн усжуулалт, угаалга цэвэрлэгээнд ашиглахыг хориглосон журам гараад байжээ.

Тунисийн ус түгээлтийн төрийн өмчит компани SONEDE оройн 9:00-өөс үүрийн 4:00 цагийн хооронд айл өрх, албан байгууллагуудын цэвэр усны хангамжийг таслах болсныг өчигдөр зарласан юм.

Сүүлийн дөрвөн жил дараалан ган болж, хур бороо татарсан нь ийм шийдвэр гаргахад хүргэж буйг тус компанийн захирал Мосбах Хелали тайлбарлаад Тунисийн ард иргэдийг ойлгоно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.

Дараалсан ган гачиг нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойг тэр бас тайлбарласан байна.

Тунисийн эрх баригчид усны хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд их хэмжээний мөнгөн торгууль оноох, зарим тохиолдолд шоронд хорих хүртэл шийтгэл оноохоо анхааруулсан юм.

Тус улсын усны нөөцийн далангийн дүүргэлт нийт багтаамжийнхаа 30 хувь хүртэл дундарчээ.

Хур бороо ховордсоноос энэ жил их хэмжээний ургац алдах аюултай болсныг Тунисийн Хөдөө Аж Ахуй, Загас Агнуурын Холбоо саяхан мэдэгдсэн байна.

Тус улсын хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэл үндэсний нийт бүтээгдэхүүнийх нь 10 хувийг эзэлдэг.

Өндөр инфляц, эдийн засгийн хямрал дор амьдарч буй Тунисийн иргэдэд усны хязгаарлалт бас нэг том дарамт болж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *