Сүүлийн өдрүүдэд Америк-Хятадын харилцаанд агаарын бөмбөлөгтэй холбоотой маргаан үүсээд байгаа.
Хоёрдугаар сарын 4-ны өдөр АНУ-ын зэвсэгт хүчин агаарын орон зайд нь нэвтэрсэн тагнуулын зориулалттай гэгдэх агаарын бөмбөлгийг буудаж унагасан билээ. Хятадын тал үүнийг давагдашгүй хүчин зүйлийн улмаас замаасаа гарсан цаг уурын судалгааны техник гэж тайлбарлаж байв.
Энэ явдлын дараа АНУ-ын тал Умард Америкийн агаарын орон зайд нэвтэрсэн гурван нууцлаг нисдэг биетийг нэмж унагаад байна.
Даваа гарагт Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч сэтгүүлчидтэй уулзахдаа АНУ-ын талаас ч бас агаарын хилийг нь зөрчиж байсныг мэдэгджээ.
“АНУ-ын хувьд бусад улсын агаарын хилийг хууль бусаар зөрчих нь хэвийн үзэгдэл. Зөвхөн өнгөрсөн онд АНУ-ын агаарын бөмбөлгүүд 10 гаруй удаа ямар ч зөвшөөрөлгүйгээр манай орон зайд нэвтэрч байв. АНУ-ын тал Хятад улсыг буруутгахаасаа өмнө өөрийнхөө үйлдлийг дүгнэж цэгнэх хэрэгтэй” гэж Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин хэлсэн юм.
Дээрх тохиолдлуудад Бээжингийн эрх баригчид “хариуцлагатай, мэргэжлийн” хариу арга хэмжээ авсныг тэр бас хэлжээ.
“Хэрвээ та бүхэн Хятадын хилд хууль бусаар нэвтэрсэн өндөр нислэгийн бөмбөлгүүдийн талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл АНУ-ын талд хандах хэрэгтэй” гэж Ван Вэнбин нэмж хэлсэн байна.
Сүүлд нэмж унагасан нисдэг биетүүд яг юу болох талаар мэдээлэлгүй байгаа ч тэднийг орчин үеийн хүчтэй зэвсгээр буудсан нь “хэтэрхий сүржигнэсэн хэрэг” гэж үзэж байгаагаа тэр бас илэрхийлжээ.
Хятадын төрийн төв хэвлэл өнгөрсөн долоо хоногийн сүүлээр тус улсын зүүн эрэг дагуу нууцлаг нисдэг биет ажиглагдсан бөгөөд зэвсэгт хүчин нь түүнийг буудаж унагахаар бэлдэж буй тухай мэдээлсэн юм.
Дараа нь АНУ-ын албаны эх сурвалж үүнийг өөрийнх нь илгээсэн тагнуулын зориулалттай бөмбөлөг гэх мэдээллийг няцааж байв.