Даваа гарагт Туркийн зүүн бүс нутагт болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо Баасан гарагийн байдлаар 23,700 хүрсэн байна.
Үүнээс 20,213 нь Турк улсад, 3,500 гаруй нь Сири улсад бүртгэгджээ.
12 жил үргэлжилж буй иргэний дайн, олон улсын хоригийн улмаас Сири улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх боломж хомс байгаа. Харин Баасан гарагт тус улсад үзүүлэх тусламжийг нэмэгдүүлэх хэд хэдэн арга хэмжээг талууд авсан байна.
Тухайлбал АНУ-ын сангийн яам Сири улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх зорилгоор эдийн засгийн хоригоо зургаан сарын хугацаанд түр зогсоох шийдвэр гаргажээ.
“Олон улсын түншүүд, хүмүүнлэгийн байгууллагууд гамшигт нэрвэгдсэн хүн ардад туслахаар ажиллаж буй энэ цаг үед Сирийн эсрэг тавьсан АНУ-ын хориг үүнд саад учруулахгүйг би батлан илэрхийлж байна” гэж АНУ-ын сангийн дэд сайд Уолли Адейемо мэдэгдсэн байна.
Өчигдөр бас Сирийн засгийн газар фронтын шугамаар тусламжийн цуваа нэвтрүүлэх зөвшөөрөл өгсөн байна. Өмнө нь Туркээр дамжин Сирийн нутагт нэвтэрсэн тусламжийн ачаа зөвхөн Дамаскийн засгийн газрын хяналтад байгаа бүс нутагт хүрч, босогчдын мэдэлд байгаа хэсэгт хүрч чадахгүй байсан юм.
Сирийн засгийн газрын шийдвэрийг гарахаас өмнө НҮБ-ын хүний эрхийн дээд комиссар Волкер Турк дайтагч талуудад галаа зогсоож, хүмүүнлэгийн тусламжийн цувааг гамшгийн бүсэд хүргэх нөхцөл бүрдүүлэхийг уриалж байжээ.