Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах“UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний 12 дугаар ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн өнөөдөр Жанжин туганд хүндэтгэл үзүүллээ.Уг ёслолын ажиллагаанд Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, ЗХЖШ-ын дарга бригадын генерал С.Ганбямба, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг, БХЯ-ны СБТГ-ын дарга хурандаа Ч.Гандирваа тэргүүтэй ЗХЖШ, төрлийн цэргийн командлалуудын удирдлага, мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүн, тэдний ар гэрийн төлөөлөл оролцлоо.Энэ үеэр Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай хэлсэн үгэндээ Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх НҮБ-ын 76 дугаар чуулганы индрээс Монгол Улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцогч эмэгтэй цэргийн алба хаагчдын тоог 15 хувьд хүргэх тодорхой бодлого зорилтыг дэвшүүлэн ажиллахаа илэрхийлсэн. Иймд энэ ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүний 11 хувийг эмэгтэй цэргийн алба хаагч эзэлж буйг онцлоод “Та бүхэн НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны талаарх мэдлэгээ дээшлүүлж, үнэн зөв ойлголттой байх нь туйлын чухал бөгөөд элдэв андуу ташаа мэдээлэл нь Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж ирсэн 20 жилийн түүхийг харлуулж, нийгэмд сөрөг сэтгэгдэл төрүүлж болохыг сайтар ухамсарлан ойлгож, үүргээ нэр төртэй гүйцэтгэнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Монгол Улсын төр засаг, Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний удирдлагаас хүлээлгэсэн нэр хүндтэй, хариуцлагатай үүргийг цэргийн хэргийн мэдлэг, дадлага, ур чадвартаа тулгуурлан амжилттай гүйцэтгэж, цэргийн багийн удирдлагаас гаргасан шийдвэрийг ёсчлон биелүүлж, хүний газар явахдаа бие биедээ анхаарал халамж тавьж, үүргээ сонор сэрэмжтэй гүйцэтгээрэй” хэмээн захилаа.Мөн энэ үеэр мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэх эмэгтэй цэргийн алба хаагчдаа төлөөлж ахлах ахлагч Б.Батдэмбэрэл үг хэлсэн юм. Тэрбээр, “Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагуудын төлөөлөл, ажил албандаа мэргэшсэн шилдэг эмэгтэй цэргийн алба хаагчидтайгаа мөр зэрэгцэн ажиллагааны өмнөх бэлтгэл сургалтаа амжилттай дуусгалаа. Миний хувьд Жанжин тугандаа хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаанд эмэгтэй цэргийн алба хаагчдаа төлөөлөн үг хэлж байгаадаа туйлын их баяртай байна. Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх эмэгтэй цэргийн алба хаагчдын тоог нэмэгдүүлэх бодлогын хүрээнд 12 дугаар ээлжийн мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүний 11 хувийг эмэгтэй цэргийн алба хаагчаар бүрдүүлж байна. Тийм ч учраас бид бүхэн монгол цэргийн, тэр тусмаа эмэгтэй алба хаагчдынхаа нэр хүндийг өндөрт өргөж, үүргээ нэр төртэй биелүүлэхээ гүнээ ухамсарлаж байна” хэмээсэн юм.