Огноо: 2022/12/12

Та бүхэнд энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

Энэ хурлыг хамтран зохион байгуулж буй Гадаад харилцааны яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яам, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон Монгол дахь Америкийн Худалдааны танхимд талархал илэрхийлье.

Энэ жилийн хувьд Монголбанк Гадаад харилцааны яам, бусад төрийн байгууллага, Элчид сайдын яамдуудтай хамтран эрдэм шинжилгээний хурлуудыг цуврал байдлаар амжилттай зохион байгуулж байна. Тухайлбал,

  •     Энэ оны 6 дугаар сард “Монгол-Хятадын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хэтийн төлөв” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг,
  •     10 дугаар сард “Монгол-Японы хамтын ажиллагаа 50 жилд” олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж, “Мөнгө, Санхүү, Баялаг” сэтгүүлийн тусгай дугааруудыг эрхлэн гаргаж, олны хүртээл болгоод байна.

Энэ удаа Монгол-Америкийн хамтын ажиллагааны 35 жилийн ойн хүрээнд өнөөдрийн эрдэм шинжилгээний хурлыг хамтран зохион байгууж байна. Эдгээр эрдэм шинжилгээний хурал нь худалдаа, эдийн засгийн гол түнш орнуудтай хийх хамтын ажиллагаанд гарч буй хөгжил, сорилтыг баримтжуулан, боломж, шийдлийг хамтдаа эрэлхийлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж Монголбанк үзэж байна.

Сүүлийн жилүүдэд глобал эдийн засагт нөлөөлж буй дараалсан шокууд, тухайлбал худалдааны дайн, КОВИД-19 цар тахал, ОХУ-Украинаас үүдэлтэй геополитикийн хурцадмал байдал, санхүү, эдийн засгийн хориг арга хэмжээнүүд зэрэг нь манай улсын эдийн засагт худалдааны болон санхүүгийн сувгаар дамжин хүндээр тусаж байна. Тэр дундаа, эдгээр дараалсан шокууд нь манай эдийн засгийн хоёр хөрш орноос гадаад худалдаа, эрчим хүчний хувьд хэт өндөр хамааралтай байдлыг улам тод харуулж байна. Тухайлбал, Хятадын тэг-КОВИД бодлого, эдийн засгийн идэвхижил суларч байгаа нь манай улсын экпортын биет хэмжээ, тээвэр, логистикийн зардал зэрэгт нөлөөлж байгаа бол геополитикийн хурцадмал байдал, түүнийг дагасан эдийн засаг, санхүүгийн хориг арга хэмжээ нь манай улсын гадаад төлбөр тооцоо, хүнс, шатахууны импортын өсөлт, тээвэр, логистикийн асуудлуудыг араасаа дагуулж байна.

Манай эдийн засгийн онцлог, гадаад төлбөр тооцоонд үүссэн нөхцөл байдлыг ойлгон АНУ-ын Засгийн газраас энэ оны 6 дугаар сард 8 төрлийн ерөнхий лиценз олгож, тухайлсан зориулалттай төлбөр тооцоог АНУ-ын бус, хориг арга хэмжээнд ороогүй байгууллагаар дамжуулан гүйцэтгэхийг зөвшөөрсөн. Энэ нь үүсээд байсан нөхцөл байдлыг зөөлрүүлэх, дараа, дараагийн гарц, шийдлийг хайхад бодит дэмжлэг болсон. Иймд бидэнд үүссэн хүндрэл, эрсдэлийг ойлгон шуурхай арга хэмжээ авч ажилласан АНУ-ын засгийн газар, дунд нь зуучилж, хамтран ажилласан холбогдох талуудад дахин талархал илэрхийлж байгааг хүлээн авна уу.

АНУ нь монголчууд бидний хувьд “гуравдагч хөрш”, улс төр, эдийн засгийн чухал түнш билээ. Монгол Улс, АНУ-ын харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд хүрч, Эдийн засгийн өргөтгөсөн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлж байна. АНУ нь технологи, санхүүгийн салбарт дэлхийд тэргүүлэгч, худалдаа, хөрөнгө оруулалтын том тоглогч тул хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг илүү өндөр түвшинд хөгжүүлэх хэрэгцээ бидэнд байсаар байна.

Цар тахлын өмнө буюу 2019 оны байдлаар АНУ-тай хийсэн худалдааны эргэлт 310 сая ам.долларт хүрч байсан бол энэ оны эхний 10 сарын байдлаар тус үзүүлэлт 218 сая ам.доллар болж буурчээ. Энэ оны хувьд манай улсаас АНУ руу 9 сая ам.долларын экспорт хийсэн бол 209 сая ам.долларын бараа, бүтээгдэхүүнийг импортоор аваад байна. Энэ дүн нь Монгол Улсын нийт экспортын 0.1 хувь, импортын 3 орчим хувьтай тэнцэж байна.

Энэ оны 2 дугаар улирлын байдлаар АНУ-аас манай улсад гадаадын шууд хөрөнгө оруулалт хэлбэрээр 679 сая ам.доллар, багцын хөрөнгө оруулалт хэлбэрээр 1.05 тэрбум ам.доллар, ажилчидын мөнгөн гуйвуулга хэлбэрээр 36 сая ам.доллар орж ирээд байна. Эдгээр хөрөнгө оруулалтын хувьд нийт багцын дөнгөж 2.5 хувьтай тэнцэж байна. Статитик тоо баримт нь гадаад, худалдаа хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа сул хэвээр байгааг, нөгөө талдаа хамтын ажиллагааг өргөжүүлэх хэрэгцээ, боломж өндөр байгааг илтгэнэ.

Дэлхий нийтийг хамраад буй том сорилтууд Монгол Улсыг ч тойрохгүй байна. Эрчим хүч, хүнсний аюулгүй байдлыг хангах, хэрэгцээгээ дотоодоос бүрэн хангадаг болох асуудал туйлын чухал байна. Сүүлийн 1 жилд болж буй үйл явцаас харахад эрчим хүч, хүнсний аюулгүй, бие даасан байдлыг хангах нь геополитикийн хараат байдлыг бууруулахаас гадна инфляцын тогтвортой байдал, төлбөрийн тэнцлийг сайжруулах, улмаар эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахад ямар чухал үүрэгтэй байхыг давхар харуулсаар байна. 

Иймд эрчим хүч, хүнсний хангамжийн бие даасан байдлыг хангах, тогтвортой, ногоон өсөлтөд хөтлөх том төсөл, хөтөлбөрүүдэд АНУ-аас урт хугацааны, стратегийн  хөрөнгө оруулалт оруулж ирж, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх нь туйлын чухал байгааг дахин онцлон хэлье. Яг энэ цаг үед АНУ нь манай улсын “гуравдагч хөрш”, стратегийн түншийн үүргээ бодитоор харуулж, манай улсын гаргаж буй санал, санаачилгыг дэмжиж хамтран ажиллана гэж найдаж байна.

Эцэст нь, өнөөдөрийн хуралд оролцож буй оролцогчдоосоо Монгол, АНУ-ын эдийн засгийн харилцааг өргөжүүлэх боломжийг гарган тавьж, бодит шийдэл санал болгохыг хүсэж байна. Энд яригдсан асуудлууд энэ танхимдаа үлдэх бус, харин бодит ажил хэрэг болгох үүднээс төрийн бусад байгууллагуудад уламжлах, товхимол болгон гаргах протоколын ажлыг Монголбанк хийж гүйцэтгэх болно.

Сорилтыг боломж болгож, Монгол-Америкийн хамтын ажиллагааг нэг шат ахиулахад энэ хурал үүргээ биелүүлнэ гэж найдаж байна.

Хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье!Анхаарал хандуулсанд баярлалаа. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *