“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн байранд Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат тус компанийн мэдээллийн ил тод байдал, нүүрсний асуудалтай холбоотойгоор өнөөдөр мэдээлэл хийлээ. Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоол батлагдсанаас хойш 341.5 сая ам.долларын үнийн дүн бүхий 3.7 сая тонн нүүрс борлуулсан байна. Үүнээс зөвхөн арваннэгдүгээр сард 205.5 сая тонн ам.долларын мөнгөн дүн бүхий 2.3 сая тонн нүүрс борлуулснаас 1.5 тонн нүүрсийг нь Гашуунсухайт боомтоор экспортолжээ.
Тэрбээр “Миний бие Онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдоод 35 хоног болж байна. Санхүүгийн үзүүлэлтийг сайжруулж, худалдан авагчдад төлөх өр төлбөрийг бууруулсан. Өөрөөр хэлбэл, энэ оны аравдугаар сарын 5-ны өдрийн байдлаар 603 сая ам.долларын урьдчилгаа төлбөрийн үлдэгдлийг 152 сая ам.доллароор бууруулж, 451 сая ам.доллар болгож ажиллалаа.
Богинын тээврийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, нүүрсний экспортыг нэмэгдүүллээ. Тавантолгой-Цагаанхад чиглэлд өдөрт 202 тээврийн хэрэгслээр 19.8 мянган тонн нүүрс тээвэрлэж байсан бол өдрийн дундаж ачилт 700 машин 74.2 мянган тонн болж нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл 500 машинаар нэмэгдүүлж, энэ хэмжээгээр тээвэрчдийн 500 ажлын байр бий болгосон. Хамгийн өндөр түвшиндээ өдөрт 1,028 тээврийн хэрэгслээр 100.8 мянган тонн нүүрсийг ачуулсан байдаг. Уурхайн үйл ажиллагааг цаашид технологийн дэвшилд суурилсан ил тод, цахим болгох ажил үргэлжлэн явагдана”гэв.
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Үргэлжлүүлэн нүүрсний хулгайтай холбоотой цаг үеийн асуудлаар “Эрдэнэс Тавантолгой ХК-ийн борлуулалтын 142 гэрээг ил тод болголоо. Олборлолтын гэрээг дүгнэх ажлууд хийгдэж байна.
Нүүрсний хулгайтай холбоотой хоёр асуудал байна. Нэгдүгээрт, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Цагаанхад дахь гаалийн хяналтын бүсийн талбайд байрлах нүүрсний овоолгоос нүүрс дутсан асуудал гарсан бөгөөд энэ нь үнэн.Энэ асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулах хүсэлтийг миний бие арваннэгдүгээр сарын 22-нд Эрүүгийн цагдаагийн газарт тавьсан. Учир нь өмнөх удирдлагуудтай холбоотой энэ асуудлуудыг шалгуулж, асуудлыг эцэслэх нь зүйтэй гэж үзсэн.
Хоёрдугаарт, 2018 онд шалгагдсан “Эрдэнэс Тавантолгой” компанитай холбоотой асуудал байна. Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ашиглалтын талбайгаас 268.3 мянган тонн нүүрс олборлосныг Тавантолгой ХК, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хамтарсан ажлын хэсгийн тайлангаар баталгаажуулсан боловч нягтлан бодох бүртгэлийн тайлан балансад тусгаж бүртгээгүй. Гэм буруутай этгээдийг тогтоож, хохирлыг барагдуулаагүй юм байна. Энэ нь одоог хүртэл эцэслэгдээгүй яваа. Энэ асуудал одоо цагдаагийн байгууллага, хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа.
Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдоод гол зорьсон зүйл маань “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бүх юмыг ил тод нээлттэй болгох” гэв.