Агаарын бохирдол нь зөвхөн Улаанбаатарчуудад бус дэлхий нийтэд хамгийн тулгамдсан асуудлын нэг болоод байна. Үүнээс гарах арга замыг улс орон бүр хайж, тодорхой үр дүнд хүрсээр ирлээ. Үндсэн арга замаа тухайн үйлдэлд хамгийн бага эрчим хүч зарцуулах, байгаль орчинд халгүй эрчим хүч ашиглах гэж тодорхойлдог.

     Улаанбаатар хотод хүний амьсгалах түвшинд буй агаарын бохирдлын 90 хувь гэр хорооллын айл өрхийн халаалтын зуухнаас ялгардаг гэх боловч ерөнхий дүнгээрээ дулааны цахилгаан станцууд 90 хувийг ялгаруулдаг. Энэ нь агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг нэлээд өргөн хүрээг хамарч явуулах ёстойг харуулж байна. Гол арга зам нь бага хэрэглээгээр илүү тухтай амьдрах явдал бөгөөд үүнд хүрэх үндсэн 3 арга зам байна гэж үздэг.

1. Хэрэглээгээ  тогтмол  хянаж,  үр ашиггүй хэрэглээгээ хязгаарлах;

2. Хэмнэлттэй дэвшилтэт техник технологийг амьдрал ахуйдаа өргөн нэвтрүүлэх;

3. Сэргээгдэх эрчим хүч буюу нар, салхи, усны эрчим хүч, биомассыг түлхүү ашиглах.

     Манай орны хувьд агаарын бохирдлын гол эх үүсвэр болох халаалтын эрчим хүчний хэрэглээг бууруулж, үр дүнтэй хэрэглэх боломжийг бүрэн ашиглах хэрэгтэй юм. Үүнд:

•           Сайн шаталттай, өндөр илчлэг, бага чийгтэй, дулааны боловсруулалт хийсэн түлш ашиглах;

•           Бүрэн  автомат ажиллагаатай зуух, дулааны эх үүсвэрийг ашиглах;

•           Барилга, оронсууцныхаа дулааны алдагдлыг бууруулах.

     Эдгээр арга замуудыг хэрэгжүүлж хот, орчноо утаагүй болгоход таны итгэл зүтгэл хамгийн чухал үүрэгтэйг санах хэрэгтэй.

Халаалтын дулааны эрчим хүчний хэрэглээ

      Тухайн барилга байгууламжийн агаарын чанарт үзүүлэх нөлөөлөл нь халаалтандаа хэрэглэж буй зуух болон түлш, барилгынхаа онцлогоос хамаардаг. Эдийн засгийн хувьд ч барилгад шаардлагатай инженерийн нөхцөлийн хувьд ч 2020 он гэхэд Улаанбаатар хотын гэр хорооллын 20 орчим хувийг л орон сууцжуулах боломжтой. Нөгөөтэйгүүр иргэдийн амьжиргаа дээшлэхийн хэрээр нийтийн бус амины тохилог сууцанд амьдрахыг сонирхох болсон тул аль болох дулааны эрчим хүч бага зарцуулдаг амины сууц барихад анхаарах нь чухал.

     Орон сууцанд дулааны эрчим хүч бага зарцуулахад дараахь 3 үндсэн шаардлагыг төлөвлөлт болон угсралтын шатанд анхаарах хэрэгтэй.

• Барилгын гадна хашлага бүтээцийн талбайг дотор эзэлхүүнд нь харьцуулсан харьцаабуюу овор хэмжээний үзүүлэлт бага байх;

• Барилгын хашлага бүтээцийн дулаан дамжуулалт (к-коэффицент) бага, дулаалгын зузаан шаардлагатай хэмжээнд байх;

• Битүүмжлэлийг сайжруулж өвлийн улиралд гаднаас орох хүйтэн агаарыг багасгах. Агаар нэвтрүүлэлт ( а – коэффицент) багатай цонх сонгох.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *