Агаарын бохирдолыг бууруулах ажлын хүрээнд Нийслэлийн засаг даргын тамгын газар Дэлхийн банктай хамтран ажиллаж байна. Тус банкны Дэлхийн “Улаанбаатар цэвэр агаар” төсөл нь энэ оны тавдугаар сараас эхлэн “Дулаалга аян” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын утаа ихтэй, агаарын бохирдлын хэмжээ өндөр бүсэд байрлах 6, 38, 125, 82 дугаар цэцэрлэгүүдийн барилгыг дулаан хамгаалалтын норм дүрмийн дагуу шинэчлэн дулаан алдагдлыг бууруулж байна. Тухайлбал нийслэлчүүдийн нэрлэж заншсанаар Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны эцэст байрлах 38-р цэцэрлэгийн ажлыг дуусгаж ашиглалтад хүлээлгэн өглөө.
Тус цэцэрлэг нь 7 бүлэгт 350 хүүхэд хүмүүжүүлдэг. Утааны яг голомт бүсэд байдаг ч нүүрс түлэхгүй, уурын зуух ажилуулахгүйгээр халаалтаа шийдсэн хэдий ч дулаан алдагдал их байсан. Модон цонхтой, хана нь дулаалга муу учраас цахилгаанаар халдаг тус цэцэрлэгийн сургалтын орчин тав тух муутай, хүүхдүүд даардаг, эрчим хүч их зарцуулдаг байсан юм. Дулаан алдагдлын энэ асуудлыг нь “Улаанбаатар цэвэр агаар” төслийн хүрээнд шийдэж өгснөөр 38 дугаар цэцэрлэгийн эрчим хүчний хэрэглээ багасаж, хүүхдүүдийг эрүүл тав тухтай орчинд хүмүүжүүлэх нөхцөл бүрдэснийг цэцэрлэгийн багш, сурган хүмүүжүүлэгчид хэллээ.
“Улаанбаатар цэвэр агаар” төслийн хүрээнд тус цэцэрлэгт 20 ширхэг цонх солих, 195 м2 дээврийг хуулж дулаалах, 4 ширхэг агаар сэлгэлтийн системийг шинэчлэх, Хаяавч бетон буулгаж, гадна суурь дулаалах, 334 м2 талбай бүхий гадна хана дулаалах зэрэг нийт 83 сая төгрөгний өртөг бүхий ажлыг гүйцэтгэсэн байна.
Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга хэлэхдээ “Улаанбаатар хотын хэмжээнд төвлөрсөн дулаанд холбогдоогүй 43 сургууль, 60 цэцэрлэг байдаг. Дэлхийн банкны “Улаанбаатар цэвэр агаар” төслийн санхүүжилтээр СХД-ийн 38 дугаар цэцэрлэг дээр барилгыг дулаан хамгаалалтын норм дүрмийн дагуу шинэчлэн дулаан алдагдлыг засварын ажил хийгдсэн. Өнөөдөр нээлтээ хийж байна. Энэ ажлын хүрээнд сар бүр зарцуулдаг дулааны зардал тодорхой хэмжээгээр буурч байгаа. 2017 ондоо багтаан “Улаанбаатар цэвэр агаар” төслийн санхүүжилтээр 4 цэцэрлэгийг дулаалж байна. Цаашдаа энэ ажлыг үргэлжлүүлж төвийн шугаманд холбогдоогүй цэцэрлэг, сургуулийг дулаалах талаар холбогдох албаны хүмүүстэй ярилцаж байгаа” хэмээв.
38 дугаар цэцэрлэг нь халаалтаа цахилгаанаар бүрэн шийдэж нүүрснээс татгалзан агаарын бохирдлыг бууруулахад үнэтэй хувь нэмрээ оруулж буй юм. Түүнчлэн дотоод орчны агаар цэвэршүүлэх өндөр үр ашиг бүхий ХЕПА шүүлтүүртэй төхөөрөмжийг бүх анги, бүлэгтээ суурилуулсан. Ингэснээр 38-р цэцэрлэг нь халаалт болон дотоод орчны агаарын бохирдлын асуудлаа цогцоор нь шийдсэн цэцэрлэг болж байна. Агаарын бохирдолыг бууруулах ажлын хүрээнд дулаалн алдагдалыг багасгах, агаар орчныг цэвэршүүлэх, нүүрсний хэрэглээнээс татгалзаж, халаалтын орчин үеийн шийдлийг нэвтрүүлэх ажлуудыг шат дараалан хийж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.