Цөлжилтийн эсрэг конвенцийн дээд хэмжээний уулзалт 05 дугаар сарын 09-21-ны өдрүүдэд Африкийн Коте Д’Ивуарын Абижан хотод болж, тус олон улсын арга хэмжээнд Монгол Улсын Засгийн гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Монгол улсын Ерөнхийлөгчийн ногоон хөгжлийн зөвлөх Н.Батхүү нарын ажлын хэсэг оролцлоо.

Энэ удаагийн цөлжилтийн эсрэг конвенцийн талуудын 15-р бага хурал нь “Газар амьдралын эх үндэс” уриан дор зохион байгуулагдаж, 189 орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Байгаль орчны сайд нар гээд, нийт зургаан мянга орчим төлөөлөгч оролцож, дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, дулаарал, ган, газрын доройтол тэр дундаа цөлжилтийн эсрэг авах хариу арга хэмжээнд дуу хоолойгоо нэгтгэлээ.

Энэхүү дээд хэмжээний уулзалтаар дэлхийн улс орон бүр цөлжилтийн эсрэг авч буй арга хэмжээгээ танилцуулж, сайн туршилгаа дэлхийн бусад улс орнуудад хуваалцаж байв.

Цөлжилт нь 21-р зуунд хүн төрөлхтний өмнө тулгарч буй хамгийн том сорилтуудын нэг болж байгаа юм. Өмнөд туйл буюу Антарктидаас бусад бүх тивд цөлжилт их бага хэмжээгээр нөлөөлсөн бөгөөд цөлжилттэй тэмцэх нь дэлхий нийтийн гол үүрэг болж байна.

Сүүлийн жилүүдэд дэлхий дахины уур амьсгалын өөрчлөлт, дулааралтаас хамааран ган гачиг тохиолдох нь олшрохын зэрэгцээ хүний байгаль орчинд үзүүлж буй хэт дарамт их болсоноор цөлжилтийн аюул нүүрлэх боллоо гэж улс орнуудын төлөөлөл салбар хуралдаануудаар хөндөж байв.

Түүнчлэн Дэлхийн уур амьсгалын дулаарал нь бүс, нутаг, газар орны байршлаас хамаарч олон янз байдлаар илэрч байна. Монгол орны хувьд, нийт газар нутгийн 76,9 хувь нь цөлжилтөд их, бага хэмжээгээр өртөөд байна.

Мөн хамгийн том асуудал бол Монголын тэгш өндөрлөгийн гол түлхүүр экосистем болох хээрийн экосистем цөлжилтийн үйл явцад улам бүр эмзэг болж буй явдал юм. Цөлжилт, газрын доройтлын улмаас Монгол орны хамгийн гол экосистемүүд болох ус, намгархаг газар, өндөр уулын экосистемүүд мөн хувьсан өөрчлөгдөх болсон төдийгүй усны эх үүсвэр болсон экосистемийг хамгаалахад энэ удаагийн уулзалтын сэдэв болон газар, түүний ашиглалт, эрх зүйн байдал чухал нөлөөтэйг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ сайд нарын дугуй ширээний уулзалтын индрээс онцолж байлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *