Монголбанк, Цагдаагийн Ерөнхий газар, Монголын банкны холбоо хамтран залилах болон цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Ятгах тусам нягтал-2021”аяны хүрээнд Монголбанкнаас эсээ бичлэгийн уралдааныг зарлан шалгарууллаа. Энэхүү уралдаан нь иргэд, ААН-ийн хувийн мэдээлэл алдагдвал үүсэх эрсдэл, учрах хохирлыг таниулах, цахим орчинд мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хангах, залилах болон цахим гэмт хэрэгт өртөж болзошгүй иргэдийг урьдчилан сэргийлэх зорилготой.
Уралдаанд 200 гаруй оролцогч бүтээлээ ирүүлсэн бөгөөд өнөөдөр тэргүүн байранд шалгарагсдад шагналыг гардуулах ёслол болж, Монголбанкны Тамгын газрын захирал Г.Пүрэвсүрэн, Олон нийтийн санхүүгийн боловсролын төвийн захирал Б.Одонтунгалаг нар тэргүүн байрын эздэд баяр хүргэн, талархал илэрхийлж, шагналыг нь гардуулан өгөв.
Уралдааны тэргүүн байранд Нийслэлийн 153-р сургуулийн 12-р ангийн сурагч Б.Энхгэрэл, дэд байранд эрхзүйч Э.Эрдэнэболд, гутгаар байранд “Номин холдинг” ХХК-ны гадаад гэрээний хуульч Ж.Дөлгөөн нар шалгарсан юм.
Монголбанк нь олон нийтийн санхүү, эдийн засгийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгын хүрээнд тухайн цаг үеийн асуудлаар сэдэвчлэн эсээ бичлэгийн уралдааныг тогтмол зохион байгуулдаг уламжлалтай.
Шалгарсан бүтээлүүдийг Монголбанкны албан ёсны цахим хуудас, сошиал сувгууд болон Төв банкны товхимлуудад нийтлэн, олон нийтэд түгээх юм.