Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Хамтын ажиллагааны зөвлөлөөс Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чадавхыг бэхжүүлэх чиглэлээр дотоодын их, дээд сургуулиудтай хамтран ажиллахаар болсон. Энэ хүрээнд Хамтын ажиллагааны зөвлөлөөс 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын Дотоод хэргийн их сургуультай “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгууллаа.
Санамж бичигт Хамтын ажиллагааны зөвлөлийн дарга бөгөөд Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван болон Дотоод хэргийн их сургуулийн захирал доктор (Ph.D.), профессор, цагдаагийн хурандаа П.Батбаатар нар гарын үсэг зурав.
Санамж бичгийн дагуу мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр ажиллаж буй боловсон хүчнийг чадавхжуулах, сургагч багш нарыг бэлтгэх, судалгаа шинжилгээ хийх, сургалтын хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах хүрээнд хамтран ажиллах юм.
Хамтын ажиллагааны зөвлөлийн дэргэдэх Судалгаа дүн шинжилгээний ажлын хэсгийг Санхүүгийн мэдээллийн алба энэ жилээс ахалж байгаатай холбогдуулан цаашид судалгааны байгууллагуудтай өргөн хүрээнд ажиллахаар зорьж байна.