Улаанбаатар хот ирэх сарын 15-наас Гамшгаас хамгаалан Өндөржүүлсэн бэлэн байдлын “шар” түвшинд шилжихэд вакцины бүүстер тун чухал нөлөөтэй гэдгийг нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар хэллээ.
Тэрбээр өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр “Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг 150,000 гаруй аж ахуйн нэгжид төрийн хүнд суртал, дарамт саад учруулдаг байдал бий. Ийм асуудлыг өөрчилж, засаж залруулах ажлыг хурдтай хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Дэлхий нийтээрээ цар тахалтай тэмцэж байгаа энэ үед нийслэлийн иргэд вакцины нэмэлт буюу III тунд идэвхтэй хамрагдаж байна.
Нийслэлийн зүгээс өөрсдийгөө болон бусдыг хамгаалах, өвчин авсан ч хүндрэлгүй гарахын тулд вакцины нэмэлт тунг хийлгэхийг уриалж байгаа. Мөн төрийн захиргааны албан хаагчдад захиргааны зарим арга хэрэглэж байна. Төрийн захиргааны албан хаагчид манлайлж оролцох үүрэгтэй.
Вакцины нэмэлт буюу III тун бол бидний дараа, дараагийн ажлын үндэс суурь болно гэж бодож байна.Тодруулбал, арванхоёрдугаар сарын 15-наас “Шар” түвшинд шилжиж, Улаанбаатар хотын нийгэм эдийн засгийг хэвийн байдал руу аваачин вирустэй зэрэгцэн амьдрах болон өөрсдийгөө хамгаалах ганц хэрэгсэл бол вакцин. Вакцины бүүстер тунд идэвхтэй хамрагдсанаар халдвар тархах эрсдэл буурах сайн талтай.
Улаанбаатар хотын зорилтот бүлгийн 50-аас дээш хувийг вакцинд хамруулж, хотын нийгэм эдийн засгийг хэвийн байдал руу шилжүүлэх, ирэх жилийн томоохон бүтээн байгуулалтын суурь ажлуудыг хийх гэсэн бодлогыг баримталж буй.
Иймд арванхоёрдугаар сарын 15-наас бизнесийн орчныг чөлөөтэй, хэвийн үйл ажиллагаанд шилжүүлэхийн тулд ААН-үүдэд учирч буй хүнд суртлыг арилгах, хувийн хэвшлийг дэмжих бодлогыг нийслэлээс боловсруулж байна.
Уг ажлын хэсгийг Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ ахалж буй бөгөөд Улсын Их хурал, Засгийн газарт саналаа хүргүүлнэ” гэв.