Манай улс дархлаа сэдээх тунг иргэдэд хийж эхлэх талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл өглөө.
Тэрбээр “Манай улсад коронавируст халдварын тархалт зургаадугаар сард оргил үедээ хүрч 18-наас хойш тогтвортой буурсан.
Гэсэн ч есдүгээр сарын дунд үед дельта хувилбарын давлагаа улам нэмэгдэж, оргил үедээ хүрнэ гэсэн тооцоолол гарсан.
Өнөөдрийн байдлаар дельта хувилбарт коронавирусийн тархалт 45-50 хувьтай байна.
Мөн одоогоор хүн амын 64 хувь нь коронавирусийн эсрэг вакцины хоёр тунг хийлгээд байгаа. Энэ бол сайн үзүүлэлт.
Хугацаа өнгөрөх тусам эсрэг биетийн хэмжээ буурч байгаа тул дархлаа сэдээх нэмэлт тунг эхлүүлэхээр шийдвэрлэлээ.
Тодруулбал, наймдугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 55-аас дээш насныхан болон боловсролын байгууллагын ажилчид, хүндэтгэх шалтгаантай буюу архаг суурь өвчтэй иргэд, хариу арга хэмжээний багийнхан гээд нийт 450,000-500,000 иргэнийг коронавирусийн эсрэг вакцины гурав дахь тунг сайн дурын үндсэн дээр хийж эхэлнэ.
Тиймээс Синофармын вакцины хоёр тунг хийлгэсэн иргэд гурав дахь тунд хамрагдахыг хүсвэл Синофармын Vero Cell эсвэл Pfizer вакциныг өөрийн сонголтоор сайн дураар хийлгэх боломжтой” гэв.