Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд баригдсан шинэ нисэх буудал буюу “Чингис хаан” олон улсын нисэх буудлын анхны нислэгийн ёслолын үйл ажиллагаа өнөөдөр болж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, нээлтийн үг хэллээ.

Монгол Улс, Япон Улсын Засгийн газраас хамтран хэрэгжүүлсэн томоохон төслүүдийн нэг болох “Чингис хаан” олон улсын шинэ нисэх буудлын бүтээн байгуулалтаар:

  • Жилд 3 сая зорчигч хүлээн авах хүчин чадал бүхий Зорчигч үйлчилгээний барилга,
  • 24 агаарын хөлөг зогсох перрон талбай,
  • 43 метр өндөр Нислэгийн хөдөлгөөний барилга,
  • 8,000 тонны багтаамж бүхий шатахууны агуулах,
  • Жилд 11,900 тонн карго ачаа шуудан нэвтрүүлэх хүчин чадал бүхий карго терминал,
  • Олон улсын C9 зэрэглэлтэй Аврах гал унтраах барилга,
  • Бие даасан дулааны станц болон цахилгаан шугам сүлжээний дэд барилгууд,
  • Хоногт 800 шоо метр цэвэр болон бохир ус цэвэрлэх, ариутгах, татуурга ус цэвэршүүлэх байгууламж зэрэг үндсэн 30 гаруй барилга, байгууламжаас бүрдсэн, олон улсын стандартад нийцсэн шинэ нисэх буудал баригдсан юм.

Шинэ нисэх буудлын анхны нислэгийг үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-ийн OM501 аяллын дугаартай, Boeing 737-800 агаарын хөлөг Японы Токио, Нарита чиглэлд амжилттай гүйцэтгэлээ.

Анхны нислэгийн ёслолын эхэнд нисэх буудлын зорчигчийн танхим дахь Монгол-Япон Найрамдлын дурсгалын цогцолборын хөшөөг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки нар албан ёсоор нээв.

Дараа нь ёслолыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Өлзий дэмбэрэл бүрдсэн өгөөмөр сайхан энэ өдөр Монгол Улсын томоохон бүтээн байгуулалтуудын нэг, Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг, манай хоёр орны ард түмний хамтын ажиллагааны бэлгэдэл болсон, далайд гарцгүй Монгол Улсыг дэлхий ертөнцтэй холбож байгаа Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх буудал албан ёсоор ашиглалтад орж, анхныхаа нислэгийг үйлдэж байгаа энэ сайхан бэлгэ дэмбэрэлтэй, торгон дурсамжтай агшинд оролцож байгаадаа миний бие баяртай байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *