Нийслэл хотынхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалт, ирээдүй, хойч үеийнхнийхээ сайн сайхны төлөө бодитой хувь нэмэр оруулж буй нийслэлийнхээ нийт татвар төлөгч та бүхэндээ Татвар төлөгчдийн өдрийг тохиолдуулан чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
Эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлж, тусгаар тогтнол, аюулгүй байдал, ард түмний соёл, боловсрол, ахмад үеийнхний халамж, иргэдийн эрүүл энх, аз жаргалтай амьдрах нөхцөлийг хангахад татвар төлөгч та бүхний оруулсан хувь нэмэр асар их билээ.
Нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, хуулийн хугацаанд татвараа төлсөн нийслэлчүүд та бүхний нөр их хөдөлмөрийн үр дүнд нийслэл, дүүргийн төсөвт 2020 онд 784.5 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрч, нийслэл Улаанбаатар хот маань өдрөөс өдөрт хөгжин цэцэглэж байна.
Монгол Улсын Засгийн газраас “Ковид-19” цар тахлын үед авч хэрэгжүүлсэн ард иргэдийн орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний хүрээнд Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай хууль батлагдаж, хуулийн дагуу Улаанбаатар хотын хэмжээнд 2020 онд 18,099 аж ахуйн нэгж, байгууллагын 512,102 ажиллагсдын 172.1 тэрбум төгрөгийн татварыг чөлөөлж, иргэдийн гар дээр үлдээсэн.
Нийслэл хотын ажил өөдрөг, өнгөлөг, бүтэмжтэй байхад иргэн, өрх бүр, аж ахуй нэгж, байгууллагуудын дэмжлэг, оролцоо чухал байдаг. Тиймээс та бүхэндээ талархахын ялдамд энэ цар тахлын үед хамтдаа төрөлх хотоо хөгжүүлэхийн төлөө гар, сэтгэл нийлэн ажиллахыг уриалж байна.
Монгол Улсынхаа, Улаанбаатар хотынхоо гэрэлт ирээдүй, гэгээн замналыг хамтдаа бүтээлцэж байгаа хөгжлийн түүчээ болсон нийт
ТАТВАР ТӨЛӨГЧ ТА БҮХЭНДЭЭ БАЯРЛАЛАА.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ
Долгорсүрэнгийн СУМЪЯАБАЗАР