Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын зарим гишүүн болон хотын дарга өнөөдөр барилгын салбарынхантай уулзаж, мэдээлэл солилцохын хамт санал хүсэлтийг нь сонслоо. 

Уулзалтад Сангийн сайд Б.Жавхлан ипотекийн хөтөлбөрийн талаарх мэдээлэл өгөв. Тэрбээр “Банкны салбар өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 95 тэрбум төгрөгийн зээл гаргасны 66 хувь буюу 60 тэрбум төгрөг нь ипотекийн зээлд олгогдсон. Энэ нь тийм ч бага дүн биш, бас хангалттай тоо биш байхыг ч үгүйсгэхгүй. Хамгийн гол нь хөтөлбөр цаашид тогтвортой явах нь чухал. Энэ дөрвөн жилд дээрх хэмжээнд тогтвортой явна гэж ойлгож, та бүхэн ажлаа төлөвлөөрэй.

Үл хөдлөхөөс судалгаа авахад сард 32 мянган орон сууцны нэр шилждэг. Үүний 15 мянга нь шинэ орон сууцад орж буй иргэд байгаагаас 10 мянга нь ипотекийн зээлээр байр авдаг байна.

Арванхоёрдугаар сард 1,700 хүсэлт ирснээс 1,200-г нь хангасан. Цаана нь потенциалны 500 хүн байна гэсэн үг. Борлуулалтыг сайжруулахын тулд урьдчилгаа төлбөр 30 хувийг бууруулах асуудлыг хөнддөг. Гэхдээ энэ нь зээлдэгчийн сахилга батыг сулруулах, урт хугацаандаа эрсдэл үүсгэх магадлалтай. Иймд ойрын үед урьдчилгаа төлбөр нь 30 хувь хэвээрээ үргэлжилнэ.

Мөн урьдчилгаа 30 хувиас төр хөнгөлж болох уу, төрөөс хариуцаж болох уу гэж асуудаг. Үүнд тодорхой хариулт өгөхөд урьдчилгаа төлбөрт төсвийн мөнгөөр төр оролцохгүй. Та бүхний төлсөн татварын мөнгөөр өөр хэн нэгний барилгын зээлийн хөнгөлөлтийг хийж болохгүй” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *