Энэтхэг улс коронавирусийн эсрэг AstraZeneca болон Bharat Biotech вакциныг ашиглахыг албан ёсоор зөвшөөрлөө. Энэ оны долоодугаар сар гэхэд 300 сая хүнийг вакцинд хамруулахаар зорьж буй 1,3 тэрбум хүн амтай тус улс халдварын тоогоор дэлхийд хоёрт жагсаж байна.
Өнөөдрийн байдлаар Энэтхэгт нийт 10,3 сая хүн халдвар авснаас 149 мянган хүн нас бараад байгаа ба хамгийн түрүүнд халдварын голомтод ажиллаж буй 90 сая ажилтанд вакцин хийх аж.
Энэтхэгт байрладаг, вакцины дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч Сэрүм институтэд Oxford/AstraZeneca вакциныг үйлдвэрлэж эхэлсэн ба сард 50 сая тунг бэлэн болгох юм.
Oxford/AstraZeneca вакциныг 4-12 долоо хоногийн зайтай хоёр тунгаар хийх ба цельсийн 2-8 градуст хадгалах боломжтой. Энэ нь -70 хэмд хадгалах зориулалттай BioNTech вакцинаас ялгарах давуу тал бөгөөд Энэтхэгт зуны улиралд цельсийн 50 градус хүрч халдаг билээ.
Дэлхийн вакцины үйлдвэрлэлийн 60 хувь нь байрладаг Энэтхэг улсад коронавирусийн эсрэг 30 төрлийн вакцин боловсруулагдаж байна.