2020 оны 11 дүгээр сарын 11-н буюу “Хорь хорь, нэг нэгээрээ” гэж бид егөөдөн, Монгол Улсад хөл хорио тогтоож байх үеэр Европын Төв банкны чуулга уулзалт эхэлсэн юм. Тус чуулганы үеэр Европын Төв банкны ерөнхийлөгч Кристин Лагардын хэлсэн үгнээс гол санааг орчуулан хүргэж байна. 



“Ковид-19”-өөс үүдэж эдийн засгийг хүчээр царцааж байгаа нь гэнэтийн огцом уналтыг бий болгож байна. Хамгийн гол нь эдийн засгийн аливаа мөчлөгт тийм ч автаад байдаггүй салбаруудад нөлөөлж байгаа явдал юм. Эдийн засгийн ердийн уналтын үед барилга болон үйлдвэрлэлийн салбарууд ихэвчлэн хүнд тусдаг бол үйлчилгээний салбар илүүтэй уян хатан байдаг.

Гэтэл өмнөх хорио цээрийн дэглэмийн үед үүний эсрэг зүйл боллоо. 

Эдийн засгийн уналт гүнзгийрэх нь тодорхой байна. Цар тахлын эдийн засагт үзүүлэх нөлөө 2021 онд үргэлжлэхээр байна. Түүнчлэн, эдийн засгийн эрэлт буурсан, зогсонги байдал нь инфляцад дарамт болж, инфляц хасах утгатай байсаар байх төлөвтэй байна. Мөн валютын ханшийн өсөлт нь инфляцад сөрөг нөлөө үзүүлэх хандлагатай байна. 

Энэ үед Мөнгөний бодлогод юуг анхаарах вэ?

Нэгдүгээрт, төсвийн бодлогоор эдийн засгийг дэмжиж буй энэ үед иргэд болон аж ахуй нэгжид сөргөөр нөлөөлдөг “шахан гаргах” (crowding-out effect- засгийн газрын оролцоо нэмэгдсэнээр зээлийн хүү өсөж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт багасах) нөлөөг аль болох бага байлгах мөнгөний бодлого баримтлах нь чухал. Өөрөөр хэлбэл, төсвийн оролцоо их байх нь зах зээлийн хүүгийн түвшинг нэмэгдүүлж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг шахан гаргаж, эрэлтэд нөлөөлөх хор уршигтай юм.

Хоёрдугаарт, мөнгөний бодлого банкны салбараа үргэлжлүүлэн дэмжих ёстой. Аж ахуйн нэгжүүд шинэ зээлийн урсгалаас хамааралтай хэвээр байгаа. Мөн зээлийн дарамтад байгаа аж ахуй нэгжүүдэд зээлийн дахин “таатай санхүүжилт” хийх боломжуудыг бий болгох нь чухал байна. Таатай санхүүжилт гэдэгт тухайн санхүүжилтийн нөхцөл төдийгүй үүнийг бодлогоор хэр удаан дэмжлэг үзүүлэх вэ гэдэг нь чухал юм.

Цар тахлын нөлөө ирэх жилд ч гэсэн үргэлжлэх нь тодорхой болсон энэ үед санхүүгийн нөхцөл байдал хэвийн үргэлжилнэ гэдэгт эдийн засгийн бүхий л салбар итгэлтэй байх нь чухал байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *