2019 оны арванхоёр­дугаар сарын эхээр Хятадын Хубэй мужийн нийслэл Ухань хотод эхэлсэн коронавирусээс гаралтай амьсгалын замын хам шинж  өвчний дэгдэлт дэлхий нийтийг хамарсан цар тахлын хэмжээнд хүрч, өнөөдрийн байдлаар 56.5 сая хүн халдвар авч, 1.3 сая хүн амь насаа алдаж хүн төрөлхтөн асар өндөр үнэ төлж байна. 

Дэлхийн 218 улс орон, нутаг дэвсгэрийг хамарч, дэлхийн нийт хүн амын тал  илүү хувь нь хөл хорионы дэглэмд оров. COVID-19 цар тахал дэлхийн эдийн засаг хөдөлмөрийн зах зээлд маш ихээр нөлөөлж буй юм. Олон сарын хөл хорионы улмаас дэлхийн ихэнх улс оронд аж ахуй нэгжүүд хаалгаа барьж, хэдэн зуун хүн ажилгүй болж байна. Тэгвэл дэлхийн улс орнууд цар тахлыг хохирол багатай даван туулах, ажлын байрыг хадгалж үлдэх, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, үндэсний үйлдвэрлэлээ дэмжихэд ямар арга хэмжээг авч хэрэгжүүлж буйг танилцуулъя.  ​

АНУ

АНУ-д хөл хорио тогтоосноос хойш ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн тоо 30 саяд хүрээд байна. Тус улсын эдийн засаг энэ оны нэгдүгээр улиралд урьдчилсан гүйцэтгэлээр 4.8 хувиар агшжээ. Энэ нь шинжээчдийн төсөөллөөс маш ихээр буурсан үзүүлэлт бөгөөд 2008 оноос хойших хамгийн огцом уналт юм. Хөл хорионы улмаас үйлчилгээ, үл хөдлөх хөрөнгө, боловсролын салбар зогсонги байдалд ороод буй юм. Эдийн засгийн хямралын эсрэг арга хэмжээ авах зорилгоор АНУ-ын Конгресс түүхэн дэх хамгийн их хэмжээний буюу 2.2 их наяд ам.долларын санхүүжилтийг баталсан юм. 

Энэ хүрээнд:

  • Жилийн орлого нь 75 мянган ам.доллараас хэтэрдэггүй насанд хүрсэн хүн бүрт 1200 ам.доллар, хүүхэд бүр 500 ам.доллар
  • Хот мужуудын аж ахуйн нэгжийн зээлийн хөтөлбөрт санд 500 тэрбум ам.доллар, 
  • Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд 367 тэрбум ам.доллар, 
  • Эмнэлэг болон ажилгүйдлийн даатгалын сангийн өргөтгөлд 130 тэрбум ам.долларыг зарцуулахаар тус тус төлөвлөөд байна. 

ОХУ 

ОХУ-ын Ерөнхийлөгч цар тахал дэгдсэнээс хойш ард түмэндээ хандан хоёр удаа мэдэгдэл хийж, тахалтай тэмцэх арга хэмжээнийхээ талаар танилцуулсан билээ. Оросын эрх баригчдын иргэд болон бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг дурдвал:

  • Ачаалал нь нэмэгдсэн эмч, эмнэлгийн ажилтнуудад нэмэлт цалин олгоно. Тухайлбал коронавирусийн халдвар илэрсэн өвчтнүүдтэй шууд ажиллаж буй эмч нарын хувьд сард 80 мянган рублийн нэмэлт цалин авна. Эмнэлгийн дунд шатны ажилтнуудад 50 мянган рубль,  доод шатны ажилтнуудад сард 25 мянган рубль олгоно.
  • Түргэн тусламжийн эмч нар сард 50 мянган рублийн нэмэлт цалин авна. Дунд мэргэжлийн эмнэлгийн ажилтан, сувилагч, жолооч нар 25 мянган рубль нэмэлтээр авна. Энэ арга хэмжээ гурван сарын хугацаанд хүчинтэй байх аж.
  • Түр хугацаагаар ажилгүй болсон, гурваас долоо хүртэлх насны хүүхэдтэй гэр бүлд урьд өмнө олж байсан орлогыг нь харгалзахгүйгээр хүүхдийн тэтгэмж олгоно.
  • Эхийн тэтгэмж авах эрхтэй гэр бүлд гурав хүртэлх насны хүүхэд тус бүрт дөрөв, тав мөн зургадугаар сард 5000 рубль өгнө.
  • Гуравдугаар сарын 1-нээс хойш ажлын байраа алдаж, хөдөлмөр эрхлэлтийн албанд хандсан хүмүүс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний дээд хэмжээ буюу 12 130 рублийн ажилгүйдлийн тэтгэмж авах боломжтой.
  • Засгийн газар өргөн хэрэглээний болон моргежийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах арга хэмжээнд илүү олон хүнийг хамруулах ёстой.
  • Цар тахалд нэрвэгдсэн жижиг, дунд бизнес эрхлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх хугацааг зургаан сараар хойшлуулна.

БНСУ 

Цар тахлын үед Өмнөд Солонгосын эрх баригчид насанд хүрсэн хүмүүст 300 мянган вон, ЕБС-ийн сурагчдад 150-200 мянган вонтой тэнцэх хэмжээний талон өгсөн юм. Жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжих зорилгоор дээрх хүнсний талоноор томоохон сүлжээ дэлгүүрүүд биш жижиг хүнсний дэлгүүрүүдээс худалдан авалт хийхээр зохицуулалт хийжээ.  

Мөн газар тариалангийн салбараа дэмжих зорилгоор мах хүнсний ногоо жимс будааг хүргэлтээр гэрийн хаягаар илгээсэн байна. Ингэснээр Өмнөд Солонгост өндөр хэмжээнд хэмжсэн хүргэлтийн үйлчилгээний салбарыг дэмжих давхар бодлого оролцуулсан юм. Харин аялал жуулчлалын салбарын тухайд хөл хорионы улмаас жуулчдын хөл татарсан том зочид буудлуудад дотоодын иргэд байрласан тохиолдолд 50 хувийг нь улсын төсвөөс гаргахаар зохих хөрөнгийг аялал жуулчлалын салбарт хуваарилжээ. 

ЯПОН 

Япон улсын Засгийн газар ДНБ-ийхээ 40 орчим хувьтай тэнцэх 1.1 их наяд долларын нэмэлт төсөв батлав. Төсөвт цар тахлын улмаас орлого нь тасарсан гэр бүл, жижиг дунд бизнес эрхлэгчдэд хэдий хэмжээний тусламж үзүүлэхээ тусгасан байна. Тухайлбал:

  • Японд удаан хугацаанд оршин суугаа бүх хүмүүст улс орны харьяалал харгалзахгүй хүн бүрт 950 ам.доллар бэлнээр олгох, 
  • Үйл ажиллагаа нь доголдож буй жижиг, дунд бизнес эрхлэгч нарт 2 сая иен хүртэлх буцалтгүй тусламж олгох, 
  • Мөн 10 сая иений хүүгүй, барьцаагүй таван жил хүртэл хугацаатай зээл олгох арга хэмжээг авч байна. 

Япон улс дотоодын аялал жуулчлалыг дэмжих зорилгоор өнгөрсөн долдугаар сараас эхлэн “Go to Travel”, “Go to Eat” зэрэг эдийн засгийг сэргээхэд туслах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээд байна. “Go to Travel” хөтөлбөр нь аялал жуулчлалын бизнес эрхлэгч дотоодын компаниудынхаа үйл ажиллагааг тасалдуулахгүй, аялагчдыг татах зорилготой юм. Харин “Go to Eat” хөтөлбөрөөр дамжуулан дотоодын сүлжээ ресторанууд болон хоол үйлдвэрлэлийн бизнес эрхлэгч компаниудынхаа үйлчлүүлэгчдийн тоог нэмэгдүүлэх зорилготой юм. Эдгээр ресторан, хоолны газраар үйлчлүүлсэн хүмүүст 25 хувийн хөнгөлөлт үзүүлэх юм байна.

КАЗАХСТАН

БНКазУ-д гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийн тогтвортой байдалд хяналт тавих, хөл хорионд байгаа ч гэрээсээ ажиллах боломжгүй иргэдэд сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалин олгох, эрүүл мэндийн болон цагдаагийн байгууллагын ажилтнуудад нэмэлт урамшуулал олгох, иргэд хүсэлт гаргасан тохиолдолд зээл төлөлтийн хугацааг ямар нэг шимтгэлгүйгээр хойшлуулах, бага насны мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй хүмүүст гол нэрийн бүтээгдэхүүнийг үнэгүй олгох зэрэг арга хэмжээ хэрэгжиж байна. 

ИХ БРИТАНИ 

Их Британийн эрх баригчид бизнесийг дэмжихэд зориулан 330 тэрбум фунт стерлинг зарцуулав. Их Британийн Сангийн сайд Риши Сунак бизнес эрхлэгчид түрээсийн төлбөрөө төлөх эсвэл цалин хөлсөө өгөхөд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн бол хүүгийн сайн нөхцөлөөр хөнгөлөлттэй зээл авах боломжтой болно хэмээн мэдэгдэж байсан юм. Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд 10000-25000 фунт стерлингийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгожээ. Цар тахалд нэрвэгдсэн иргэдийн ипотекийн зээлийн төлбөрөөс гурван сарын хугацаатай чөлөөлөх шийдвэр гаргасан.

ЕВРО БҮС

Евро бүсийн 19 орны Сангийн сайд нар дөрөвдүгээр сард хуралдаж Европын Холбооны эдийн засгийг идэвхжүүлэх, дэмжихэд зориулж 547 тэрбум ам.долларыг гаргахаар санал нэгдээд байсан. Уг төсвийг Европын хөрөнгө оруулалтын банкаар дамжуулан жижиг, дунд бизнес эрхлэгчдэд тусламж, хөдөлмөр эрхлэгчдэд зориулсан богино хугацааны ажлын байрны хөтөлбөр болон Европын тогтвортой байдлын механизмаар дамжуулан цар тахалд нэрвэгдсэн улсуудад зээл олгох гэсэн 2 чиглэлээр зарцуулахаар болсон байна. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *