Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар Э.Оюунболдын нэхэмжлэлтэй Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу өнөөдөр буюу 2020 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдөр хянан хэлэлцлээ.
Нэхэмжлэгч Э.Оюунболд нь Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2019 оны аравдугаар сарын 24-ний өдрийн 08 дугаартай “Сэргээшийн шинжилгээний дүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын Э.Оюунболдод холбогдох хэсгүүдийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
Уг тогтоолоор Э.Оюунболдын барилдаж давсан даваа бүрийг хүчингүйд тооцох, барилдах эрхийг нь 2 жилийн хугацаагаар хасахаар шийдвэрлэж, түүнд өвдөг шороодсон бөхчүүдийн давааг ахиулж, цол, чимгийг олгуулах, Э.Оюунболдод олгосон Монгол Улсын аварга цолыг хураах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтжээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2020 оны зургаадугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд Э.Оюунболдын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2020 оны долдугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 08 дугаар тогтоолын Э.Оюунболдод холбогдох хэсэгт “түүний барилдах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах” гэснийг “1 жилийн хугацаагаар хасах” болгон өөрчилж, анхан шатны шүүхийн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн юм.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 08 дугаар тогтоолын 2 дахь заалт буюу Э.Оюунболдын барилдах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах заалтыг бүхэлд нь хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.