Нийгмийн бодлогын байнгын хорооноос “Сүүдэр бүү тусга” аяны хүрээнд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд хамгааллын асуудлаар төрөөс авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашдын зорилтын талаарх хэлэлцүүлгийг Төрийн ордонд өнөөдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг нээж Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар дараах илтгэлийг тавьсан юм. Түүний илтгэлээс товчлон хүргэж байна. 

Ахлах ангийнханд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хичээл орно  

Энэ аравдугаар сараас эхлэн хэд хэдэн дунд сургуулийн ахлах ангийнханд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хичээл орж эхэлсэн. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд ЕБС-иудын ахлах ангийнханд энэ хичээлээ оруулна.

Одоо бол та яаж бусдын эрхийг хөндөхгүй, зөрчихгүй байх вэ, зөрчвөл ямар шийтгэл байдаг, гэмт хэрэг хийх сэдэл санаа хаанаас төрдөг, үүнээс ямар үр дагавар гардаг, гэр бүл юунаас болж салдаг гэх мэт тодорхой хичээл заахаар хөтөлбөрөө боловсруулаад явж байна. Цаашдаа хичээлийнхээ агуулгыг илүү баяжуулах бодолтой байгаа. Гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх агуулгадаа өөрчлөлт оруулъя. Дандаа нас биед хүрчихсэн хүмүүст гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудлыг яриад байдаг. ЕБС-ийн хүүхдүүдэд багаас нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудлыг ярьж байж ахиц гарна гэж бодож байгаа. Бид эхлээд хүүхдүүдээ хүн болгох л хэрэгтэй. Үүнээс бүх зүйл эхэлнэ. 

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдийг баривчлахгүйгээр 14 хоногийн сургалтад хамруулна 

Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуульд гурваас дээш удаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдвэл эрүүлжүүлэхээр тусгасан. 

Одоо амьдрал дээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдвэл цагдаагийн албан хаагчид дуудлагаар очиж тухайн иргэнийг эрүүлжүүлээд маргааш нь шууд баривчлах шийтгэл оногдуулж байгаа. Гэтэл дуудлага мэдээлэл өгсөн хүн ялангуяа эхнэрүүд маргааш нь “Би гомдолгүй. Нөхөр маань баривчлагдвал манай амьдрал хэцүүднэ” гээд өргөдлөө буцаадаг. Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой өгсөн дуудлага болгоны бараг тэн хагас нь ингэдэг. 

Улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг

  • 2017 онд 32,259,
  • 2018 онд 36,220,
  • 2019 онд 31,524 гарсан байна.

Гэхдээ би Хууль зүй, дотоод хэргийн сайд хэдий ч цагдаагийн байгууллагаас гаргаж өгсөн гэмт хэргийн статистикт эргэлздэг. Яагаад гэвэл би өглөө болгон гэмт хэргийн мэдээ үзэж байгаа. Хоногт 10-20 орчим хүн харамсалтайгаар амь насаа алддаг. Зарим тохиолдолд хүн амины санаатай тохиолдол 1-5 ч гардаг. 

2017 оны долоодугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Эрүүгийн хуулиар үйлдэл болгоныг гэмт хэрэгт тооцож эхэлсэн. Гэр бүлийн хүчирхийлэл 2018 онд 36 мянга хүрмэгц манай цагдаагийнхан энэ тоог хүчээр буулгаж эхэлсэн. Ихэнх мэдээллийг буюу эрүүгийн хэрэг үүсгэхүйц мэдээллийг Зөрчлийн хуулиар шийддэг. Гэмт хэрэг үйлдсэн, гомдол гаргасан хоёр хүнийг хүчээр эвлэрүүлээд хэргийг хаах арга хэмжээ авдаг. 

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдийг баривчлахгүйгээр 14 хоногийн сургалтад хамруулдаг болсноор засаж залруулдаг арга хэмжээ авахыг зорьж байна. 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага мэдээллийг нуун дарагдуулсан бол хариуцлага хүлээлгэдэг болгомоор байна. Үл мэдээлэх, нуун дарагдуулах гэдэг зүйл анги өмнө нь байсан. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *