Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн халдварын 235 шинэ тохиолдол бүртгэгдсэн тухай Өмнөд Солонгосын албаныхан өнөөдөр мэдээлжээ.

Ингэснээр тус улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 20,182 хүрч, 324 хүн нас бараад байна. Даваа гарагт үүнээс арай олон буюу 248 шинэ тохиолдол бүртгэгдэж байжээ.

Сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд гарал нь тодорхойгүй халдварын тохиолдлуудын эзлэх хэмжээ 7.1 хувиас 31.9 хувь болж нэмэгдсэн нь хамгийн их санаа зовоож байгааг Сөүл хотын даргын үүрэг гүйцэтгэгч Сү Жүн Хюп өнөөдөр мэдэгдсэн байна.

Энэхүү үзэгдэл нь вирусийн халдварыг хаанаас ч авч болох тодорхойгүй бөгөөд аюултай нөхцөл байдал үүсгэж байгааг тэр анхааруулжээ.

Өмнөд Солонгосын засгийн газар есдүгээр сарын 6 хүртэл Сөүл орчмын бүс нутагт хорио цээрийн хатуу дэглэм тогтоогоод байгаа. Энэ хугацаанд сүмүүд, ресторан баар, цэнгээний газрууд, фитнес төвүүд, хичээлээс гадуурх сургалтын төвүүдийн үйл ажиллагааг хоригложээ.

Энэ долоо хоногийг дуустал хүн бүр гадуур явахаа хязгаарлаж, аль болох гэртээ байх нь коронавирусийн тархалтыг зогсоох цорын ганц арга болоод байгааг тус улсын эрүүл мэндийн сайд Пак Нюн Хо иргэдэд анхааруулсан байна.

Сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд коронавирусийн халдварын улмаас биеийн байдал нь хүндэрсэн өвчтөний тоо бараг 10 дахин нэмэгдэж, 104 хүрчээ.

Энэ хугацаанд нийтдээ 4,000 гаруй халдварын тохиолдол шинээр нэмэгдсэн байна. Тэдний ихэнх нь Сөүл хотын Саран Жэйл христийн сүмээс гаралтай тохиолдлууд байгаа юм.

Цар тахлын нөлөөгөөр Өмнөд Солонгосын эдийн засаг энэ оны хоёрдугаар улиралд өмнөх улирлаасаа 3.2 хувиар агшсан нь 2008 оны сүүлийн улирлаас хойших хугацааны хамгийн огцом уналт болж байна.

Үүнээс гадна экспортын хэмжээ нь сүүлийн зургаан сар дараалан буурсныг өнөөдөр нийтлэгдсэн статистик тоо баримт харуулжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *